Үндэсний татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж өндөрлөлөө. Татварын албаны аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд болон ахлах байцаагч нар хамрагддаг энэ зөвлөгөөнд Сангийн дэд сайд С.Пүрэв болон Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, дэд дарга Ч.Жигжид, А.Энхболд, ТЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Орхон нар оролцон, мэдээлэл хийж, татварын удирдах ажилтнуудын асуултад хариулт өгч, санал, байр суурийг сонслоо. Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн нь тухайн жилийн ажлыг багцлан дүгнэдгээс гадна, цаашид, ирэх жилд хийх ажлын чиглэл, зорилтыг тодорхойлон, байр сууриа нэгтгэдгээрээ өндөр ач холбогдолтой юм.
Удирдах ажилтны зөвлөгөөний үндсэн илтгэлийг Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай “2012 оны ажлын үр дүн, 2013 оны зорилт” сэдвээр тавьсан. Тэрбээр, “Үндэсний татварын алба 2012 онд улсын төсөв, хүний хөгжлийн санд нийт 1545.8 тэрбум, орон нутгийн төсөвт 633.9 тэрбум төгрөг, нийт улс, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, улсын төвсийн оррлогын төлөвлөгөөг 82,3 хувиар, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 97,7 хувиар тус тус биелүүлж ажилласныг мэдээлээд, мөн онд татварын албанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар онцлон дурьдлаа.
Татварын алба 2012 онд УИХ-аас баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудаас анх удаа татварын албаны мэдээллийн системд тоон гарын сүгийг ашиглах эхлэлийг тавьсан. Мөн и-оффис программын ашиглалтыг сайжруулж, системтэй болгох зорилгоор тус программ дээр цаг үеийн шуурхай мэдээллийг байршуулах, дамжуулах тогтолцоог бүрдүүлсэн.
Төрийн байгууллага хоорондын мэдээлэл харилцан солилцох төслийн “Datasharing” төслийн хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газар, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Зам, тээврийн яамны Зам тээврийн бүртгэл, хяналтын г азар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий Газруудтай онлайн сүлжээгээр холбогдон мэдээллийг тухай бүр ашиглах солилцох боломжтой болсон.
Далд эдийн засаг дахь нуугдмал орлогыг ил болгох, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгож, татвараас зайлсхийхтэй тэмцэх зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааны салбар, татварын төрөл, татвар төлөгчдөөр татварын эрсдэлийг тооцон ажиллаж байгаа” зэрэг мэдээллийг Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай илтгэлдээ онцоллоо.
Удирдах ажилтны өмнөх оны зөвлөгөөний үеэр гарсан санал санаачилга, түүний хэрэгжилтийн талаар ТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Орхон танилцуулсан. Зөвлөгөөний үеэр татварын албаны удирдах ажилтнууд Татварын Ерөнхий Газрын удирдлагуудаас зарим асуулт асууж, хариулт авснаас гадна, нэлээд олон ажил хэрэгч саналыг дэвшүүлэв.
Зөвлөгөөний дараа Үндэсний татварын алба, Авлигатай тэмцэх газрын хамтын ажиллагааны хүрээнд Авлигаас ангид ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Сэтгэгдэл ( 0 )