Хятадуудыг мартахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 24

ОХУ-ын  Дорнод Сибирийн Алтайн бүс нутгаас Хятад хүртэлх  газар нутагт  “Алтай” хий дамжуулах хоолой баригдтал чамгүй хугацаа орж таарна. Учир нь хоёр тал үнэ дээрээ нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй хэвээрээ байна. Хэдийгээр Оросоос Хятад руу татах хийн хоолойг барьж байгуулах зардлын 40 хувийг урьдчилан төлөхийг Хятадын талаас албан ёсоор хүссэн ч, ойлголцол нэгтгэгдээгүй байгаа.

 Түүнчлэн Оросын тухайд Хятадууд өөрийнх нь түүхий эдийн үнэ цэнийг алдагдуулах гээд байна гэж үзэж буй. Ямартаа л арванхоёр онд гэрээ байгуулаагүй нь зөв зүйтэй зүйл болсон гэж тус улсын Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов эрхэм ярьж байхав. Ер нь бол Оросууд Алтай хий дамжуулах хоолойноос гадна Якут-Хабаровск-Владивосток чиглэлийн хий дамжуулах хоолойгоос Хятад руу салаалах талаар ярьж буй юм.

Тэгэхээр Алтай хий дамжуулах хоолойг нутаг дээгүүрээ гаргуулчих санаатай байдаг манай тухайд бүр л бүүдгэр мэдээ болж байна. Манай төрийн тэргүүн  “Алтай” хийн хоолойг Монголын нутгаар  дамжуулах нь эдийн засгийн үндэслэлтэй гэдэг зүйлийг Оросын талын эрхмүүдэд дуулгасан ч, тэдний зүгээс Хятадууд дэмжихгүй байгаа гэсэн боловсон тайлбарыг өгч байсан юм. Тэдний хэн хэн нь дургүй байгаа учраас манай тухайд хойд хөршөөс урд хөрш рүү татах байгалийн хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулж,  тэрхүү транзитаас орлого олохын хажуугаар эрчим хүчний эх үүсвэрийг татчихна гэсэн гэгээн хүсэл талаар болж байгаа юм.

Бидний хүсэл ийн унтарч байх зуур хоёр хөрш хэтийн тохиролцоогоо хэрхэх вэ гэдэг дээрээ санаагаа чилээцгээж буй. Хятадууд Оросын хийг хямдаар авахын тулд байгалийн хийн өөр эх үүсвэрүүд байгаа тухай мэдээллийг илгээж байгаа бол Оросууд өнгөн дээрээ тэдний үгэнд итгэхгүй байгаа царай гаргаж байгаа юм. Ер нь бол Оросуудын хувьд  Хятад руу татах хоолой нь Европ руу гарах гарцыг бас нээж буй.

Нэгэнтээ Европ, Зүүн хойд азийн аль алиных нь байгалийн хийн зах зээлд орон зайгаа тод гаргахыг хүсч буй Оросууд өөрсдөдөө ашигтай тохиролцоог хийхээр зорьж буй нь лавтай. Тус улс Европ руу чиглүүлсэн цоргоо тунчиг нарийн бодлогоор зохицуулж буй. Тэд үнээр хэрхэн тоглож болохыг харуулж байгаа. Тэгсэн хэрнээ Хятадуудыг үнээр тоглох гэлээ гэж дургүйцээд байгаа юм. Өөрсдөө байгалийн хийнийхээ шоо метр тутмын үнийг дураараа нэмж,  Европын холбооны бухимдлыг хүргэж ирсэн. Түүнчлэн тэд өөр сувгуудыг ч нэмж ирсэн юм. Харин Оросууд тэр хугацаандтулд Хойд Солонгосын нутгаар дамжуулан Өмнөд Солонгос руу хий нийлүүлэх тохиролцоонд хүрсэн бол Япон улстай тохиролцон Зүүн хойд азийн орнуудад бүрэн хүрэх гарцыг нээсэн гэхчлэн аваад үзэхээр чамгүй амжилтыг олсон.

Энэ оны тухайд Оросууд Якутын Чаендины орд газрыг эзэмших болон Якут-Хабаровск-Владивосток хий дамжуулах хоолой барих төслүүдэд голчлон анхаарлаа хандуулах нь тодорхой байгаа юм. Гэхдээ тэд Хятадуудын ашиг сонирхлыг гээчихээгүй, тэднийг мартчихаагүй байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн Якут-Хабаровск-Владивосток чиглэлийн хий дамжуулах хоолойг Хятадад хүргэх талаар тэд ярьж буй юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.1.85.72) 2013 оны 03 сарын 24

manaih nuursneesee hii gargaj dotoodiin heregtseegee hangaj bolno

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 03 сарын 24

orsuud busdiig daramt**j unee nemj baidag *****uudiin zub hen ch gesen luibarduulahiig husehgui manaih l dandaa luibarduulj bdag daa

0  |  0
taisyn(49.0.133.209) 2013 оны 03 сарын 24

Tedniig charai **daj xeregyiu bolu daraan nexel xatyy chyy

0  |  0
Top