Зам, тээврийн сайд А.Гансүхийн урилгаар ХБНГУ-ын төмөр замын “Дойче Баан” ХК-ийн ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доктор. Рудигэр Грубэ манай улсад энэ сарын 27-28-ны өдрүүдэд айлчлах гэж байна.
Доктор. Рудигэр Грубэ тэргүүтэй “Дойче Баан” ХК-ийн төлөөлөгчид нь айлчлалынхаа хугацаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай албан ёсны уулзалт хэлэлцээ хийх ба Монгол-Германы хооронд төмөр замын салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох аж.
Монголын талаас төмөр замын тээвэр, логистикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг энэ компанитай төмөр замын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой ба ялангуяа Монгол Улсад хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, төмөр замын тээвэрлэлтийн удирдлага, зохион байгуулалтын дэвшилтэт арга барилаас суралцах, мэдлэг туршлага хуваалцах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахыг зорьж байгаа ба энэ хүрээнд яриа хэлэлцээ явагдах юм байна.
Төлөөлөгчид мөн айлчлалынхаа хугацаан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай уулзалт хийн үйл ажиллагаатай нь танилцах аж. Айлчлалын хүрээнд ярилцаж тохиролцсон асуудлууд, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааг тодорхойлж Зам, тээврийн яам болон ХБНГУ-ын “Дойче Баан” ХК хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах аж.
Сэтгэгдэл ( 0 )