Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хооронд 1990 оноос өмнө хийж байсан бараа солилцооноос үүссэн худалдааны алдагдал болох 798,074.03 шилжих рублийн тооцоо байсан.
Монгол, Куба Улсуудын уламжлалт найрсаг харилцааг харгалзан, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хуучин тогтолцооноос өвлөгдөн ирсэн авлагын асуудлыг нэг мөр зохицуулах үүднээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шилжих рублиэр илэрхийлэгдсэн клирингийн дансны өр авлагыг хүчингүй болгох буюу Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрыг өр эргэн төлөх үүргээс чөлөөлөх шийдвэр гаргасан.
Засгийн газрын уг шийдвэрийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр БНКУ-ын нийслэл Гавана хотноо “Өр хүчингүй болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдлаа.
Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Даваасамбуу, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрыг төлөөлж Кубын Үндэсний банкны Ерөнхийлөгч Рене Лазо Фернандез нар гарын үсэг зурлаа.
Түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд хэлэлцээр байгуулснаар Монгол, Кубын ард түмэн, Засгийн газар хоорондын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж шинэ шатанд гарч, хоёр улсын харилцаа харилцан ашигтай, эрх тэгш байдалд үргэлжлэх болно гэдгийг Элчин сайд О.Даваасамбуу, Кубын Үндэсний банкны Ерөнхийлөгч Рене Лазо нар онцоллоо.
Кубын тал сүүлийн жилүүдэд жилд 2-3 монгол оюутанг өөрийн зардлаар сургаж байгаагаас гадна хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах үүднээс сүүний үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн 5000 тун үрийг хоёр удаа хандивласан. Мөн биеийн тамир, эрүүл мэндийг хөгжүүлэх ажлын хүрээнд монголын боксын тамирчдыг сургах, дасгалжуулах зорилгоор мэргэжлийн дасгалжуулагч нар илгээж байсан болно.
Сэтгэгдэл ( 2 )
Bolj l baina shuu dee. Aliin bolgon bu***as zugeer avch tetguulj bhaw dee. Yadarsan negend ni tus bolj bw** ulsiin ner hund ch osno shuu dee. Busdiig tenhruulegch ni ooroo tenherdeg gedeg ug bdag daa.
yahavdee 35 han say tugrug yum bish uu