Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүд өнөөдөр харьцангуй өнгөлөг байна. Гхдээ өнгөрөгч долоо хоногт дэлхийн эдийн засагт сайн саар олон үйл явдал дараалан болсон нь бараа таваарын зах зээлийн ханшид ихээхэн нөлөөллийг үзүүлсэн юм. Тэрдундаа Евро бүсийн хямралын учиг болсон Грек улстай хөрш залгаа орших Кипр улстай холбоотой мэдээлэл тунчиг их дуулианыг дагуулав. Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Кипр улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан бөгөөд тус улсад хадгаламж эзэмшигчдээс татвар авах шаардлага тавьсныг Кипр улсын засгийн газрын зүгээс хүлээн зөвшөөрөх болсон нь долоо хоногийн эхээр ихээхэн асуудал дагуулсан юм.
Түүнчлэн хадгаламж эзэмшигчид хадгаламжаа эргүүлэн татаж эхэлсэн нь тус улсын банкуудыг дампуурах эрсдэлд оруулчихав. Гэхдээ энэхүү нөхцөл байдал нь тус улсын парламентыг Европын холбооны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж ОХУ-ын засгийн газраас дэмжлэг авах талаарх дараагийн арга хэмжээнд шилжихэд хүргэсэн юм.
Тус улсад ОХУ-ын байгууллага болон хувь хүмүүсийн 60 тэрбум ам.долларын хөрөнгө байршдаг аж. Энэ эх үүсвэрт ОХУ-ын Засгийн газар томоохон ач холбогдол өгч байв. Эдийн засагчид Кипр улс нь Евро бүсийн орнуудын ДНБ-ний 0.2% хувийг эзэлдэг жижиг улс хэдий ч сэргэж буй хөрш улс Грекийн эдийн засагт нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовж байгаа.
Мөн өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хурал болсон бөгөөд бодлогын хүүгээ хэвэнд нь үлдээж, сар бүрийн 85 тэрбум ам.долларын актив худалдан авалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байгаа.
Харин азийн тухайд Япон улсын төв банкны ерөнхийлөгчөөр сонгогдсон Харухико Курода ажлаа хүлээж авсан нь хөрөнгийн зах зээлд зохих нөлөөллийг үзүүлж, шар металлын ханшийг өсгөсөн юм.
Ер нь бол өнгөрөгч долоо хоногийн турш Евро бүс дэлхийн санхүүгийн зах зээлийн анхаарлын төвд байлаа. Маргааш Киприйн банкууд хэвийн хэмжээнд ажиллаад эхлэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Эрх баригчид нь тэгж амласан учраас үйл ажиллагаа нь явагдаад эхлэх биз ээ. Угаас тус бүсийн санхүүгийн хүндрэл илааршаагүй байхад Кипрт ийм нөхцөл үүсээд байгаа нь тун таагүй хэрэг юм. Ийм сөрөг мэдээллийн үр дүнд хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, долоо хоногийн эхнээс зэсийн үнэ унаж эхэлсэн байгаа. Эл металлын ханш ер нь сүүлийн үед өндөр өсөлтийг үзүүлж чадахгүй байгаа. Гэтэл Евро бүсээс гадагшилж байгаа шинэ тэгээд таагүй мэдээлэл нэрмээс болж байна.
Хэдийгээр долоо хоногийн дундуур түүхий эдийн зах зээлд сэргэлт ажиглагдсан ч, хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээрээ л байна.
За харин нүүрсний зах зээлийн хувьд дээрх таагүй мэдээлэл тийм ч хүчтэй нөлөөллийг үзүүлж чадаагүй гэхэд болох юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )