Кирсан Илюмжинов шиг “нөлөөтэй” нөхдүүдтэй хамтрах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Дотооддоо тос боловсруулах үйлдвэртэй болъё гэдэг яриа явж явж Дархан Газрын тос боловсруулах үйлдвэр дээр очоод зогсчихоод байгаа. Тэгвэл энэ үйлдвэрт боловсруулах түүхий тосыг ОХУ-аас нийлүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан, ноён Кирсан Илюмжинов манай Уул уурхайн сайдад хэлсэн байна. Кирсан Илюмжинов Орос, Японы хамтын ажиллагааны зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ чиглэлээрээ Монгол, Орос, Япон гэсэн гурван орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах сэтгэл зүтгэлтэй бололтой.

Тэгвэл түүнийг ийм нааштай үгс унагаж байгаа энэ үед Уул уурхайн  яамны Түлшний бодлогын хэлтсийн болоод Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэнд ил тод байдлыг бий болгох гэрээ хийхээр ОХУ-д ажиллаж байгаа юм байна.

Ямартай ч өнгөрөгч нэгдүгээр сард салбарын яамны Дэд сайд  нарын эрхмүүд хойд хөршид айлчилж тус улсын Эрчим хүч яам, Гадаад хэргийн яам мөн Роснефть компанийн удирдлагатай уулзан компанийнх нь  бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байгааг хэлсэн. 

-Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд үнийг 6 сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл /форвард, фьючерс, хеджинг/ ашигласан гэрээ байгуулах.

-Боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2 сая тонн газрын тос худалдан авах боломжтой эсэх саналыг Роснефть компанид тавьсан. Харин тэдний тал газрын тосны бүтээгдэхүүний үнээ эргэж харна гэдгээ, бусад асуудлыг судалж хариу өгөхөө илэрхийлээд манай нөхдүүдийг буцаасан байгаа.

Тэгвэл манай нөхдүүд дахиад л тэнд оччихоод байна. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход хойд хөршийн бүтээгдхүүний үнийн дарамт манай нөхдүүдийг илүү хөдөлгөөнд оруулж өөр эх үүсвэрүүдийг эрэлхийлж, үр дүнд хүрэхэд ч нөлөөлж байгаа юм. Учир нь Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас тухайн сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувь нь өөр эх үүсвэрээс нийлүүлэгдэж байгаа гэдгийг хэлж байна. Тодруулбал, Швейцарийн Ганвор компаниас импортлогч компаниуд гэрээ хийж 20000 орчим тонн бүтээгдэхүүн, 2013 оны 1-2 сард БНСУ-аас 14000 тонн бүтээгдэхүүн, БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж сард 10,000 тн хүртэлх шатахууныг /АИ-92, дизель/ 100-150 ам.долларын хямд үнээр авахаар болжээ.

Мөн Газрын тосны даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-нд өмнөд хөршид ажиллах үеэр манай улсаас экспортолж байгаа “Дачин-33” ангилалын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ байгуулсан байгаа.

Түүнчлэн одоо Москвад ажиллаж байгаа манай нөхдүүд ч үүнтэй адилаар гэрээ байгуулах зорилготой яваа гэнэ.

За харин Дархан Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд янз бүрийн байр суурь байгаа. "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийн  ерөнхий захирал, академич Т.Намжим эрхэм "Роснефть"-ийн Ерөнхийлөгч И.Сечин Токио хотноо "Марубени"-гийн удирдлагатай уулзахдаа  Монголын Дарханд газрын тос нийлүүлэх асуудлаар товчхон яриа өрнүүлж  “Хоёр сая тонн түүхий тос бидний хувьд асуудал биш" гэж хэлсэн хэмээн ярьсан байдаг. Уг нь тэрээр үйлдвэр баригдах тухай шийдийг засгаас гаргаагүй байх үед бол тосны нийлүүлэлтийн тал дээр асуудалгүй Иркутскийн нефьтийн компаниас авна. “Монголсэкию” компани, Марубени корпораци, Иркутскийн нефьтийн компанитай хэлэлцээ хийж тус үйлдвэрт 2014 оны эхний хагасаас газрын тос нийлүүлэх тухай Меморандумд Эрхүү хотноо гарын үсэг  хэдийнэ зурсан гэдгийг хэлдэг. Гэхдээ Оросууд тэрхү гарын үсгээ дагуу ажлаа явуулахгүй гэдэг нь манай жижиглэнгийн зах зээлд орж ирж чадахгүй байгаа гоморхлоос нь болоод хүчгүйдээд байгаа байж болох юм. Түүнчлэн Т.Намжим эрхэм “Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй”  хэмээн хэлж байгаа юм.

Гэтэл Монголын геофизикийн холбооны тэргүүн, газрын тосны шинжээч Д.Цэдэнбалжир энэ тал дээр өөр байр суурьтай байна. Түүний үзэж буйгаар 2  сая тонны хүчин чадалтай  энэ үйлдвэр Тамсаг, Тосон-Уулын ордоос жилдээ 500 тонн нефть авах бололцоо бий ч үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км тул эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна гэж байгаа юм. Тэрээр ОХУ-аас түүхий тос авах тухай яриа үр дүнд хүрсэн зүйлгүй л байгаа гэдгийг онцолж байгаа бөгөөд түүхий нефтийнхээ хайгуулыг сайжруулж, орд тогтоож нөөц бий болгосны дараа л үйлдвэр барих тухай ярих хэрэгтэй хэмээн ярьжээ.

Тэгэхээр барих үйлдвэртээ боловсруулах тосоо хэрхэх вэ гэж буй манай тухайд эхэнд өгүүлсэнчлэн Кирсан Илюмжинов нарын эрхмүүдийн дэм тусыг  харах хэрэг гарч л таарах нь. Ер нь бол Кирсан Илюмжиновын үг хоосон үг биш байх магадлалтай л юм. Учир нь Халимагийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан түүний хувьд Кремльтэй, В.Путинтай ойр хүн билээ. Ямартаа л түүний зөвлөх асан О.Цагаанзам эрхэм “ Москва өөрийн тавьсан хүмүүсээрээ дамжуулаад тусламж, дэмжлэг ирүүлдэг нэртэй. Халимагийн ард түмэнд тэр бүр хүртээмжтэй байж чадахгүй байна.  Манай Халимагт Москвагийн нэрээр гарсан том улсууд бий. В.Путин дуртай хүмүүсээ тавьж байна шүү. Манайд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох бололцоо байхгүй.” хэмээн ярьсан нь нэг талаас Кирсан Илюмжинов Кремльтэй тун шадар гэдгийг илтгэсэн яриа байв. Тэгэхээр манай нөхдүүд Кирсан Илюмжинов шиг иймэрхүү “нөлөөтэй” нөхдүүдтэй хамтрах уу, хэрхэн тохиролцох вэ гэдэг асуудал бас байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top