Лондон дахь Монгол Улсын ЭСЯ Кембрижийн их сургуультай хамтран “Монгол улсын байгалийн баялаг, түүний геополитик ба гео эдийн засаг” сэдэвт олон улсын хурлыг Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Кембрижийн их сургууль дээр зохион байгуулав.
Энэхүү олон улсын хурлаар Монгол улсын байгалийн баялгаа ашиглах талаар төр засаг, орон нутгийн бодлого, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо, байгаль экологи, хүн амын нөлөөлөх нөлөөлөл зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөв.
Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин зэрэг төлөөлөгчид оролцсоноос гадна Их Британи, Дани, Орос, Хятад, Япон зэрэг орнуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр Кембрижийн их сургуулийн Монгол, Зүүн Ази судлалын төвийн захирал Профессор Хамфрэй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан “Тив дамжсан хөршүүд” нэртэй ном Кембрижид хэвлэгдэн гарсныг мэдэгдэв. Мөн хурлын үеэр Монгол Улсын ЭСЯ-наас Монгол орон сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж толилуулав.
Энэ удаагийн олон улсын хурал нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )