Арван онд бодлого нь батлагдсан төмөр замын төсөл ажил хэрэг болох гэж овоо юм болж байна. Ямар ч байсан Шинэ төмөр зам төслийн техникийн зөвлөхөөр ажиллах санал Япон, Солонгос, АНУ, Австрали, Канад, Англи зэрэг улсын 16 компаниас ирсэн бол хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр ажиллах саналыг тус бүр дөрвөн компаниас ирүүлсэн аж. Харин техникийн зөвлөхөөр ажиллахаар саналаа ирүүлсэн компаниудын 7 нь хураангуй жагсаалтад үлдсэн бөгөөд Үнэлгээний хорооныхон техникийн, хуулийн, санхүүгийн гэсэн гурван чиглэлд зөвлөгөө өгөхийг хүсээд байгаа гадны компаниудын тендерийн материалыг судалж үзээд шалгаруулалтыг явуулах юм байна.
Уг нь Шинэ төмөр зам төслийн ажил дөрөвдүгээр сард эхлэх ёстой. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Засгийн газар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн“Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 255 сая ам.долларын эх үүсвэрийг шийдсэн юм. Гэхдээ цаасан дээр шийдсэнээс бус бодит санхүүжилт ороод, ажил эхэлсэн юм алга байгаа. Шинэ төмөр зам төслийн эхний ээлжинд баригдах маршрут нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 260 орчим километр төмөр зам юм. Чингис бондын мөнгөнөөс энэхүү төмөр замын зардлын тодорхой хувийг гаргана.
Бодлогын хүрээнд нийтдээ 5630 км төмөр замыг гурван үе шаттайгаар барьж байгуулах бөгөөд хэвтээ тэнхлэгийн дагуу барих 1800 километр төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгө 5 тэрбум ам.долларын талаар манайхан ярьж байгаа. Одоогийн байдлаар бол Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон зураг төсөл бэлэн болчихсон байгаа гэж буй. Харин Тавантолгойгоос зүүн тийш чиглэсэн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах, барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,техникийн баримт бичгийг боловсруулж дуусгах зэрэг ажлуудыг энэ жилдээ хийж дуусах аж.
Ямартай ч хөрөнгө оруулагчдын зүгээс манай талд тодорхой саналуудыг тавьж байгаа юм билээ. Сангийн сайдын хэлснээр 100 хувь хөрөнгөө гаргаад барья гэсэн тал ч байгаа аж. Олох үр ашгаа 50, 50 хувиар хуваагаад оруулсан зардлаа нөхье. Нөхсөний дараа 51 хувь нь Монголын талд шилжүүлье гэсэн саналыг тэд тавьж байгаа юм шиг байна. Мэдээж манай тухайд төмөр зам стратегийн чухал талбар учраас эл төсөл дэх гадныхны оролцоон дээр даацтай хандах ёстой. Гэхдээ бондын мөнгөөрөө ч, дотоодын хүчээрээ ч төмөр замын төслийг хэрэгжүүлж чадахгүй учраас ойлголцлоо нэгтгээд урагшлах ёстой юм.
Түүнчлэн төмөр замын төсөлд гадныхны дэмийг авахаар саналаа ч тавьж, саналыг нь ч сонсож байгаагийн жишээ нь ХБНГУ-ын төмөр замын “Дойче Баан” ХК-ийн ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доктор. Рудигэр Грубэ эрхмийн айлчлал болж байна. Зам, тээврийн сайд А.Гансүхийн урилгаар ирсэн тэд Монгол-Германы хооронд төмөр замын салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байгаа. Манай талаас төмөр замын тээвэр, логистикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг энэ компанитай төмөр замын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой байгаа аж. Ялангуяа төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, төмөр замын тээвэрлэлтийн удирдлага, зохион байгуулалтын дэвшилтэт арга барилаас суралцах, мэдлэг туршлага хуваалцах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахыг зорьж байгаа нь нэгэнт тодорхой болсон зүйл юм.
Ямар ч байсан Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төмөр замын эхний ээлжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, энэ ондоо хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлж өгсөн. Түүний дагуу ч техникийн болон санхүү, хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулалтууд явагдаж байгаа. Эхнээсээ зөвлөхүүд тодрууд ажил явах урагшлах биз ээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна