Солонгосын хойгт дайн дэгдэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Сүүлийн үед “Умард Солонгос Өмнөд Солонгостой дайны байдалд шилжиж байгаагаа мэдэгдлээ”, “Дайн түр зогсоох хэлэлцээрээс гарлаа”, “Ким Чен Ын Өмнөд Солонгосоос Номхон далай хүртэлх Пентагоны баазууд болон Вашингтоныг оролцуулаад АНУ-ын гол хэсэгт чиглэсэн алсын тусгалт пуужингийн төхөөрөмжүүдээ байлдааны бэлэн байдалд оруулахыг тушаажээ”, “Өмнөд Солонгостой харьцах цэргийн утсан холбоогоо тасалжээ” г.м. мэдээллүүд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, солонгосын хойгт юу юугүй дайн дэгдэх нь үү гэсэн түгшүүрийг дэлхий нийтэд төрүүлж байна. 

Энэ хурцадмал байдал Ким Жон Ын-ы засгийн газар сая 2013 оны 2-р сард цөмийн зэвсгийн туршилт хийж, үүний хариуд НҮБ-ын АЗ-өөс тус улсад хатуу хориг тавьснаар үүсч, дараа нь АНУ ба Өмнөд Солонгосын  “Тийм Спирит”, “Догсури” цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцсэнээр улам даамжирсан. Гэхдээ энэ удаагийнх анхных нь биш юм. Умард Солонгосын цөмийн зэвсгийн бодлого 1993 онд Цөмийн Зэвсэг Үл  Дэлгэрүүлэх Тухай Гэрээнээс гарснаар эхэлж, 2003 онд цөмийн зэвсэгтэй болсноо мэдэгдэж, 2006 онд цөмийн анхны туршилт хийж, улмаар 2009 онд 2 дахь удаагийн, 2013 онд 3 дахь удаагийн цөмийн туршилт хийжээ. Энэ бүхний хариуд НҮБ-ын АЗ-өөс тус улсад хязгаарлалт хийж ирсэн байна. Мөн яриа хэлэлцээрүүд явагдаж байсны  томоохон жишээ нь  Умард, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ, Япон, ОХУ-ыг багтаасан 6  талт хэлэлцээр юм.  Эдгээр яриа хэлэлцээрийн дүнд Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулыг түр зуур намжааж, тус оронд нэн шаардлагатай эдийн засгийн тусламж  үзүүлж байсан байна.

Энэ бүх зүйлийг нуршихын учир нь Умард Солонгосын  цөмийн туршилт явуулсны гол шалтгааныг тодруулах гэсэн болой. Умард Солонгос цөмийн зэвсгийн туршилт явуулснаар ЗХА-ийн бүс нутаг, хөрш зэргэлдээ улс оронд аюулын түгшүүр дэгдээж, хурцадмал байдлыг үүсгээд үр дүнд нь яриа хэлэлцээрт орж, эдийн засгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдвэрлэж байсан практик байжээ. Тэгвэл  энэ удаагийн цөмийн туршилтын шалтгааныг авч үзвэл:

  • Шинэ удирдагч Ким Жон Ын өөрийн байр суурийг бататгах
  • Тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх гэсэн үндсэн

шалтгаантай байж болохоор байна.

Одоогийн тус улсын удирдагч Ким Жон Ын нь өвөө Ким Ир Сен, Эцэг Ким Жон Ир шиг ард түмэндээ тахигдсан агуу удирдагч болохын тулд тэдний үйл хэргийг залгамжилсан, томоохон бодлого явуулж, ард түмэндээ өөрийн орны сүр хүчийг харуулах гэсэн оролдлого гэж барууны судлаачид үзэж байгаатай санал нийлж байна. Нөгөө талаас тус улс эдийн засгаа нээлттэй болгохгүй бол эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй байдалтай болсон ба цөмийн зэвсгийн хэт дураараа бодлого нь Хятад улсын дургүйг хүргэж,  газрын тосны хэмжээгээ хязгаарлаад байгаа зэрэг нь тус орны эдийн засгийг улам хүндрэлд оруулж байгаатай холбоотой болов уу.

Эцэст нь  хэдийгээр Умард Солонгосын өдөөн хатгалга дээд цэгтээ хүрсэн  мэт байгаа боловч дайн дэгдэх хэмжээнд хүртлээ олон алхмыг туулна гэж үзэж байна. Шалтгаан нь:

  • АНУ ба Өмнөд Солонгос, Япон, Хятад, Орос улс аль нь ч дайныг хүсэхгүй.
  • Умард Солонгос дайныг өдөөвөл өөрийн дэглэмээ устгана.
  • Умард Солонгос хэдийгээр цөмийн зэвсэгтэй ч цэрэг техникийн үлэмж хоцрогдол, эдийн засгийн сул дорой байдал нь дайн хийх хэмжээнийх биш

Хэдийгээр АНУ Клинтон, Бушийн үед Умард Солонгост цэргийн цохилт хийх боломжтой байсан, мөн цэрэг зэвсгийн хүчин чадлын хувьд ихээхэн давуутай ч одоогийн нөхцөлд (эдийн засгийн хүндрэл, өмнөх дайнуудын сургамж г.м.)  дайн хийх нь асар их хохиролтойг тооцож байгаа нь тодорхой. Умард Солонгосын тал ч энэ байдлыг мэдэж байгаа тул хурцадмал байдлыг дээд цэгт нь хүргэж байж болох юм. Нөгөө талаас дайны хохирол Сөүлд үлэмж тусах тул Өмнөд Солонгос дайн гаргуулахгүй байхыг бүх талаар чармайх нь гарцаагүй. Үүний нэг жишээ бол 2010 онд болсон олон нийтийн  санал асуулгын дүнгээр БНСУ-ын олон нийт номер 1 аюулаар Умард Солонгосыг биш АНУ-ыг нэрлэсэн нь үүний  нэг баталгаа байж болох юм. Мөн Умард Солонгосыг дайнд хүргүүлэхгүй хэмжээний газрын тосыг Хятадаас нийлүүлдэг зэрэг нь дайнд хүргэхгүй тодорхой нөхцөлийг бүрдүүлдэг. Цааш нь БНХАУ ба ОХУ асуудлыг аядуй зөөлөн аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэж мэдэгдэх болсон нь яриа хэлэлцээр явагдах нь гэсэн итгэлийг төрүүлж байна. БНАСАУ ч яриа хэлэлцээр явуулахаас татгалзахгүй байх гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rosen Bridge(49.0.197.7) 2013 оны 04 сарын 02

joohon ediin zasag hyamrahad ymar baidag bilee dain bolbol aimaar baihaa.

0  |  0
ugiiin(103.9.90.194) 2013 оны 04 сарын 01

harin dain bolvol manai oron ayulgui bdlaa hamga**j chadah boluuu

0  |  0
Irgen(122.201.18.17) 2013 оны 04 сарын 01

Dain bolohgui ee...sanaa buu zov...harin EAGLE tv-ees bolj dain garch magadgui shuu!!! Muu er daind huurnu gegcheer ene tv ih huuruh yumaa!!!

0  |  0
Top