Дэлхийн хөрөнгийн захуудын мэдээг харахад голлох индексүүдийн үзүүлэлт холимог байдалтай байна. Америкийн үйлдвэрлэл үйлчилгээг илтгэгч гол индексүүд өсөлттэй байгаа бол Евро бүсийнх уналттай байна. Харин азийн Hang Seng, S&P/ASX 200 уналттай тэмдэглэгдсэн байна.Ер нь АНУ-ын эдийн засгийн мэдээллийг харвал шинжээчид засгийн өсөлтийг нь 3.5 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. За харин таваарын захын ерөнхий өнгө төрхийг аваад үзэхэд зэсийн ханш уналттай өдрүүд үргэлжилж байна. Өнөөдрийн тухайд Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7,434.50 ам.доллар байна. Ер нь бол Лондон, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй зэсийн нөөц тогтмол өсөлттэй байгаа. Энэ нь металлын зах зээл сул эрэлттэй, нийлүүлэлтийн илүүдэлтэй байгааг илтгэж байгаа. Түүнчлэн Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй зэсийн нөөц жил орчмын хугацаан дахь хамгийн өндөр түвшиндээ хүрч өсөөд байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа юм. Хөрөнгө оруулагчид зэсийн нийлүүлэлтийн илүүдлийг дэлхийн эдийн засгийн өсөлт нөхөж, зах зээлийг тэнцвэрт байдалд оруулж чадах эсэхэд ихээхэн эргэлзэж байна. Бодит эрэлт нийлүүлэлтийн талаарх энэхүү мэдээлэл нь дэлхийн эдийн засгийн талаар бусад мэдээнүүдээс илүү хүчтэй нөлөөллийг зах зээлд үзүүлж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногийн эхээр АНУ-ын аж үйлдвэрлэлийн болон орон сууцны зах зээлийн мэдээ болон Хятад улсын түүхий эдийн импортын мэдээ эерэг гарсан хэдий ч энэ нь зэсийн үнийг өсгөж чадаагүй юм. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын анхаарал Евро бүсд төвлөрсөн хэвээр байгаа байна. Кипр улсын санхүүгийн асуудал намжаагүй байна. Мөн Итали улсын шинэ Засгийн газраа байгуулах явц гацаанд орсон хэвээр байгаа нь арилжаанд оролцогчдын эрсдэлтэй активд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Мөн долоо хоног бүр гардаг АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өссөн мэдээ гарсан нь зах зээлд сөргөөр нөлөөлжээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдөр Нью-Йорк болон Лондонгийн биржүүд амралттай байж, Шанхайн бирж дээр арилжаа үргэлжилсэн хэдий ч тус бирж дээр зэсийн үнийн уналт мөн үргэжиллээ.
За хар түүхий тосны ханшийн хувьд Лайт төрлийн түүхий нефть болон Лондоны Брент төрлийн түүхий нефтийн ханш долоо хоногийн эхнээс дуустал өсч сүүлийн нэг сарын оргил түвшинд хүрлээ. Энэ нь Европын холбоо болон хандивлагч байгууллагууд Кипр улстай тохиолцоонд хүрч санхүүжилт өгөхөөр эцсийн байдлаар шийдвэрлэсэнтэй холбоотой юм. Ийм тохиролцоо нь цаашид Евро бүсийн санхүү, эдийн засгийн хямралын даамжралыг түр хугацаанд ч гэсэн зогсоосон гэж судлаачид үзэж байна. Мөн Ойрхи Дорнод дахь түүхий нефтийн олборлолт буурсан байгаа нь нефтийн ханшид эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Шар металлын ханшийн тухайд тогтвортой байгаа гэхэд болно. Харин өнөөдрийн тухайд 1,570.70 ам.доллар буюу өмнөх өдрөөс 0.33 хувийн уналттай байна. Өнгөрөгч долоо хоногийн эхний өдрүүдэд Европын холбоо Кипртэй холбоотой нааштай шийдвэр гаргасан. Энэ нь Германы төрийн тэргүүний зүгээс шүүмж дагуулсан шийдвэр байлаа. Тэрээр “Энэхүү тусламж бол асуудлыг бүрэн шийдвэрлэх хувилбар биш үүнээс үүдэлтэйгээр бүс нутгийн бусад орнуудад ийм байдал бий болох магадлалтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа. Мөн Италийн банкуудын хувьцаанууд бууралттай гарч эхэлсэн нь еврогийн ханшинд дарамт болж ам.долларын эсрэг суларсан нь шар металлын ханш буурахад гол нөлөө үзүүллээ. Долоо хоногийн дундуур Нэгдсэн улсын удаан эдэлгээт барааны нөөц, орон сууцны үнэ өсч иргэдийн хэрэглээний түвшин болон ДНБ-н 4-р улиралдаа нэмэгдэж гарсан нь эдийн засаг сайжирч байгаагийн илрэл хэмээн шинжээчид үзсэн байна. Харин эсэргээрээ Евро бүсийн тоон мэдээнүүд тааруу үзүүлэлтийг харуулж Кипр улсын банкууд нээгдсэн хэдий ч мөнгө гаргах лимитийг 300 евро болгож хязгаарласан хэвээр байгаа нь шар металлын ханш өсөхөд томоохон дарамт болж байгааг судлаачид тэмдэглэж байна. Долоо хоногийн сүүлээр Итали , Испани улсуудын эдийн засаг тааруу байгаа талаар мэдээлсэн бол АНУ болон Лондонгийн зах амарч, бараа таваарын зах зээл томоохон хөдөлгөөнийг харуулалгүй хаагдсан байна.Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт зах зээл хүлээлтийн байдалтай байсан гэхэд болох юм. Европ тэрдундаа Кипр хэрхэн засал авах эсэх, Италийн улс төрийн байдал, Солонгосын хойгийн асуудал, Японы төв банкны хурлын шийдвэр гэхчлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг хааш нь ч эргүүлж мэдэх олон асуудал байлаа. Шийдлээ хүлээсэн асуудлууд одоо ч үргэлжилж байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл ( 0 )