Монголын эдийн засаг ёроолын цэгээс өгсөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ) нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой байдаг юм. Тэгвэл Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2012 оны IV улирлын ДНБ болон бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүдийн ҮСХ, Монголбанкны 2013 оны 2 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолжээ.  

Монгол Улсын эдийн засаг 2011 оны 6 дугаар сард мөчлөгийнхөө оргилд хүрсэн бол НТИ нь 2011 оны 5 дугаар сард оргилдоо хүрч, түүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарыг хүртэл буурсаар ёроолын цэгтээ хүрээд 2012 оны 12 дугаар сараас эргээд өсч эхэлсэн байна. НТИ 2 дугаар сарын байдлаар 99.07 болж, өмнөх сараас 0.1 пунктээр, ёроолын цэгээс 0.17 пунктээр өссөн ба түүний сүүлийн мөчлөг тооцоолох боломжтой 2000 оны 4 дүгээр сараас хойш хамгийн олон буюу 18 сарын турш унасан байна.

Ингэж өссөн нь энэ сарын индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, БНХАУ-руу гаргасан экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ, нийт импортын хэмжээ, төсвийн урсгал орлого, импортоор орж ирсэн ачааны машины тоо болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл чиг хандлагаасаа дээгүүр болж өссөнтэй холбоотой байв. 

НТИ-ын өөрчлөлт өмнөх саруудын өсөлттэй харьцуулахад өндөр байгаа нь НТИ-ийн өсөлт хурдасч байгааг харуулж байгаа бөгөөд ДНБ-ээр илэрхийлэгдсэн эдийн засгийн мөчлөг ирэх 2-6 сарын турш уналттай хэвээр байх ч түүний дараа эргээд өсөхийг харуулж байна.

Монгол Улсын бизнесийн мөчлөг (цэнхэр тасалдсан зураас) болон

Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (улаан тасралтгүй зураас)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top