Задгай цементийн үнийг 165 мянгад барина

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Задгай цементийн үнийг 165 мянга, ууттай үнийг 170 мянгад барихаар болжээ. Тодруулбал, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Арматур, цемент нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Барилга, хот байгуулалтын яамнаас Монголбанктай “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөр баталсаны дагуу барилгын арматур, цемент нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж барилгын оргил ачааллын үед гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсгөхгүй байх үүднээс энэ гэрээг байгуулж байгаа юм.

Хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, компаниуд 2 их наяд төгрөгийн зээл хүссэн.  Харин Засгийн газраас олгох зээлийн хэмжээ 260 тэрбум төгрөг байгаа.  Энэ жил Улаанбаатар хотод 18 мянган орон сууц ашиглалтанд орох статистик мэдээлэл байна. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн тулд 60 дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудад хөнгөлөлттэй зээл олгох асуудал маргааш ЗГ-ын хуралдаанаар орох юм.  Өөрөөр хэлбэл эрэлтийг нэмэгдүүлэхэд 800 тэрбум төгрөг шийдвэрлэх, ингэхдээ иргэдэд 8 хувийн хүүтэй моргейжийн зээл олгох асуудлыг яам оруулж байгаа талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р. Эрдэнэбүрэн  мэдээлэл өгч байсан.

Барилгын ажил эрчимжих учраас цемент, арматур импортоор нийлүүлэгч аж ахуйн нэгж та бүхэн үнийг хатуу барих учиртай. Гол үр дүн оргил ачааллын үед үнэ нэмэгддэг байдлыг таслан зогсоох явдал юм. Гэрээ нэг жилийн хугацаатай. Ирэх жилийн энэ үед үүргээ биелүүлсэн компаниудын гэрээг үргэлжлүүлэн сунгаж ажиллана гэв.

Гэрээний нэг хувийг Монгол банк руу, мөн нэг хувийг нь арилжааны банк руу явуулна. Богино хугацаанд зээл олгуулахын төлөө яам ажиллана. Мөн гааль, төмөр замынхантай уулзаж, үнэ тариф нэмэгдүүлэхгүй байх талаар ярилцахаа компаниудын төлөөлөлд хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top