Жил бүр уламжлал болон зохион байгууллагаддаг Олон улсын сорьцын хяналтын байгууллагуудын холбооны энэ оны ээлжит хурал Швейцарийн Женев хотод боллоо. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж анх удаа Сорьцын хяналтын хэлтсийн дарга Х.Мягмаржав, Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн химич Ж.Үүрцайх нар оролцоод ирлээ.
Монгол Улсын хувьд 2012 онд олон улсын энэхүү байгууллагад элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж хүлээн зөвшөөрөгдснөөр энэ оноос эхлэн хяналтын харьцуулсан шинжилгээнд болон хурал зөвлөлгөөнд оролцох болсон юм. Бидний ажлын гол зорилго маань олон улсын Сорьцын хяналтын байгууллагуудын холбоонд албан ёсоор элсэн орох, өнгөрсөн 2 дугаар сард тараагдсан рентгенофлоуресценцийн аппаратаар шинжлэх дээжийн үр дүнгээ танилцуулах явдал байжээ.
Энэ удаагийн Олон улсын хуралд Англи, Австри, ХБНГУ, Израил, Итали, Франц, Португал, Швейцари зэрэг 25 орны 56 төлөөлөгч оролцосны дотор Азиас Сингапур, Монгол хоёр орон оролцсон байна.
Энэ удаагийн ээлжит хуралдаанаар Сорьцын хяналтын байгууллагуудын өмнө тулгамдсан зарим асуудлаар санал солилцож холбооны шинэ дүрмийн төслийг хэлэлцэж баталлаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард тарааж олгосон дээжийн шинжилгээний үр дүнг харьцуулан ярилцаж улмаар шинээр холбоонд гишүүнээр элсэн орж буй зарим орны Сорьцын хяналтын байгууллагын илтгэлтэй танилцаж заавар зөвлөмж өгчээ.
Хоёрдугаар сард тараагдсан дээжийг рентгенофлоуресценцийн аппаратаар шинжилж сорьц тогтоох ёстой байсан бөгөөд шинжилгээний үр дүн харилцан адилгүй гарсантай холбоотойгоор нийт лабораториуд дахин шинжилгээ хийхээр тохиролцжээ.
Манай улсын хувьд шинээр элсэн орж байгаа учир өөрийн орны Сорьцын хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажил үйлчилгээний цар хүрээ, өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын зорилтын талаар илтгэл тавьж мэдээлэл өгсөн бөгөөд ийм жижиг орны хувьд ингэж төвлөрүүлж хяналт тавьж чадаж байгаа талаар оролцогч орнуудад онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.
Олон улсын сорьцын хяналтын байгууллага нь дотроо конвенцийн, холбооны гэсэн хоёр саланги байгууллага мэт харагдавч үйл ажиллагаа нь нэг зэрэг ижил түвшинд явагддаг бөгөөд холбооны үйл ажиллагаанд Сорьцын баталгаажуулалтын болон хяналтын гэсэн хоёр чиглэлийн тогтолцоотой байдаг юм байна. Бидний хувьд сорьцын баталгаажуулалтын байгууллагад элссэн тул цаашдаа хяналтын холбоонд нь хүсэлтээ гаргаж элсэх явдал чухал байна. Бид ер нь элсэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд материалыг нь хүрэлцэн ирсний дараа асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг СХЗГ-аас өгч байна.
Швейцарь улс сорьцын хяналтын асуудлаар өөрөө конвенцийг санаачлагч бөгөөд олон улсын хэмжээнд нилээд нэр нөлөө бүхий орон төдийгүй хэд хэдэн төвтэйгийн нэг нь Женевт байдаг тул манай төлөөлөгчид үзэж танилцах холбоо тогтоох хүсэлтээ илэрхийлж Женевийн солрьцын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид хамттарч ажиллах талаар ярилцаж тохиролцоонд хүрсэн бөгөөд одоогоор тэдний шинэчлэгдсэн дүрэм журмыг авч танилцаж байна. Ер нь Сорьцын хяналтын хэлтсийн үйл ажиллагааны гол үндсэн зарчим, дүрэм журмын эх үүсвэр нь Швейцарийн Сорьцын хяналтын байгууллагын хуулиас эхтэй, түүнийг 1990-ээд оны сүүлээр олж авч орчуулан хэрэглэж байсан нь тэдэнд өндөр сэтгэгдэл төрүүлжээ.
Энэ удаагийн хуралдаанаар тараагдах ёстой байсан жингийн аргаар шинжилгээ хийх дээжийг 6 дугаар сард илгээх болсон бөгөөд дараагийн уулзалт энэ оны 9 дүгээр сард Португал улсад болох юм байна.
Манай нөхдүүдийн хэлж буйгаар энэхүү хуралд оролцсоноор Олон улсын сорьцын хяналтын байгууллагуудын холбоонд элсэн орж өөрийн орны мэдээллийг анх удаа танилцуулсан ч Монгол улсын хувьд сорьцын хяналтын чиглэлээр тэдэнтэй нэг түвшинд шахам явна гэдгээ ойлгосон нь том алхам боллоо.
Цаашдаа жил бүр хоёроос доошгүй удаа хяналтын дээжинд шинжилгээ хийж өөрийн лабораторийн ажлын үр дүнг гадаад түвшинд тодорхойлоод байх боломж бүрдлээ.
Үнэт металлын сорьц тогтоох лаборатори Монгол улсын хувьд “итгэмжлэгдсэн лаборатори” учраас үнэт эдлэлийн сорьцын баталгаажуулалт нь олон улсын хэжмээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдсэн байна. Энэ нь Монгол улсын Итгэмжлэлийн байгууллага олон улсын зохих холбоодод гишүүнээр элсэж хамтран ажиллаж байгаатай холбоотой байна.
Цаашдаа олон улсын сорьцын хяналтын болон Швейцарийн сорьцынхяналтын байгууллагатай олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хэрэгжүүлж ажиллах талаар шинэ алхам хийх шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )