Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын арилжааг өнөөдөр хийлээ. Арилжааг 12.00 цагт цан цохисноор албан ёсоор нээж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл болон яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнбат болон албаны бусад хүмүүс нээлтэд оролцлоо.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл нээлтийн үеэр “Хөдөө аж ахуйн биржийн арилжаа нь Монгол Улсыг үйлдвэржилтийн шинэ шатанд хүргэх үйл явдал болж байна. Одоо уул уурхайн салбар руу бүгдээрээ шуурах биш, хөдөө аж ахуйн үйлдвэржилтийг хөгжүүлэх боломжтой боллоо” хэмээгээд биржийн анхны цанг цохив.
Энэхүү туршилтын арилжаа нь танхимын аргаар явагдаж, нийт 32 брокерийн компани байхаас өнөөдөр 19 компани ирж оролцлоо. Арилжаа энэ удаад ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг хамарч, эдгээр аймгаас ноолуур худалдах захиалгыг авч, худалдан авагчдад нийлүүлэх юм. Ингэхдээ интернэтээр болон зориулалтын программ ашиглан арилжаа явуулах хугацаанд ноолуур худалдах, худалдан авах саналын хэмжээг брокерууд дамжуулж байгаа юм. Арилжааны дүн буюу хэчнээн хэмжээний ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авсан тухай мэдээ үдээс хойш тодорхой болох юм байна. Ямартай ч нэг кг ноолуурыг 68-72 мянган төгрөгөөр худалдах саналаа малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
magnai oboo ard tvmnii tuluu yum hiigeed bsan chinn yumny osolton deer tag bolovoo. hen amyg ni barichixvaa.