Төсөл хэрэгжүүлэх эрхийг 14 компани авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг  нийт аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн билээ. Урилгын дагуу 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авч, эхний ээлжийн сонгон шалгаруулалтаар 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Урьдчилсан байдлаар шалгараад байгаа нэр бүхий 18 компани журамд заасан хугацааны дагуу 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэхээр сонгосон бүсийн оршин суугч иргэдэд өөрсдийн байгууллагын талаарх мэдээлэл, танилцуулгыг дэлгэрэнгүй  танилцуулсан бөгөөд  тухайн компаниудын төслөө хэрэгжүүлэх эрхийг иргэдийн сонголтоор шийдвэрлэсэн юм.  Иргэдээс авсан санал хураалтын дүнгээр 14 компани шалгарсан бөгөөд тухайн аж ахуйн нэгж 30 хоногийн хугацаанд Төсөл хэрэгжүүлэгчид,  өмчлөгч, эзэмшигч иргэдтэй гэрээ хийх эрхийг авлаа. Гэр хорооллын дахин төлөвлөж буй ажиллагаа нь анх удаа иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж  буйгаараа онцлог түүхэн үйл явдал бөгөөд санал хураалтанд иргэд маш идэвхитэй оролсон гэж албаныхан онцолж байна.  Цаашид сонгон шалгаруулалт зарлаагүй хэсгүүд дээр дахин сонгон шалгаруулалтын урилгыг нээлттэй мэдээлэхээс гадна, эхний шалгаруулалтад тэнцсэн компанийг иргэдийн саналаар сонгох юм. Тиймээс дараа дараагийн санал хураалтанд иргэд Та бүхэн идэвхтэй оролцоно уу гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top