Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо зохиогдсон Дэлхийн эдийн засгийн Төв Ази, Кавказын бүсийн чуулганд тус улсын Гадаад харилцааны сайдын үрилгаар оролцлоо.
Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд нэгдсэн болон салбар хуралдаанд үг хэлж шинэчлэлийн Засгийн газрын хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг танилцуулав.
Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга, профессор Клаус Швабтай уулзлаа. Уулзалтын үеэр сайд Л.Болд, профессор Шваб нар Монгол Улсад энэ оны есдүгээр сард болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл зохион байгуулалтын талаар тодорхой ярилцсан юм.
Профессор Шваб Улаанбаатарын чуулга уулзалтаас олон сайн үр дүн хүлээж байгаагаа илэрхийлээд дэлхийн хамгийн нэр хүнд бүхий энэхүү чуулга уулзалтанд Монгол Улс идэвхтэй хамтран ажилласнаар хөрөнгө оруулалтаа бодитой нэмэгдүүлж бизнесийн улам таатай орчин бүрдүүлэхэд түлхэц болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Энэ үеэр Сайд Л.Болд нь чуулганд оролцож буй Азербайжан, ОХУ, Казахстан, Түрк зэрэг бүс нутгийн арав гаруй орны засгийн газрын болон хөрөнгө оруулагчдын төлөөлөгчидтэй мөн уулзаж ярилцлаа.
Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд СNN телевизэд ярилцлага өгч Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн бүс нутгийн тулгамдсан асуудлаар сонирхсон асуултанд нь хариулав. Улмаар Азербайжанын үндэсний “AzTv” телевизэд хоёр улсын харилцааны талаар ярилцлага өглөө.
Сэтгэгдэл ( 0 )