Дэлхийн хөрөнгийн зах өнөөдөр уналт, өсөлт сүлэлдэж байна.Америкийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүдийг илтгэгч гол индексүүд өсөлттэй байгаа бол Европын Европ DAX индекс уналттай, Азийн S&P/ASX 200 индекс урууджээ. За харин бараа таваарын зах зээлийн долоо хоногийн төрхийг харвал түүхий эдүүдийн ханш таатай бус л байна. Дэлхийн эдийн засгийн төвүүдээс чимэггүй мэдээллүүд гарч байгаа нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл суларч, түүхий эдүүдийн үнийг уруудахад нөлөөллөө. АНУ, Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын мэдээ эдийн засагчдын таамаглаж байснаас доогуур гарч байгаа нь, мөн Евро бүсийн үйлдвэрлэлийн салбар 3 дугаар сард бууралттай гарсан зэрэг мэдээлэл нь зэсийн ханшийг унагахад хүргэсэн. Нэмээд АНУ-ын хувийн секторт 3 дугаар сард шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо хүлээгдэж байснаас бага гарсан тухай мэдээ нийтэд ил болсон бөгөөд долоо хоногийн сүүлийн өдөр тус улсын нийт хөдөлмөрийн зах зээлд шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо сүүлийн 9 сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн тухай мэдээлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ мэт таагүй мэдээнүүдийн үр дүнд зэсийн ханш өнгөрөгч долоо хоногт сүүлийн 8 сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч арилжаалагдлаа. Тэр нь тонн нь 7,406 ам.доллар дээр хаагдсан явдал юм. Гэхдээ өнөөдөр ч зэсийн ханш тааруу байна. Лондонгийн металлын бирж дээр 7,485.50 ам.доллараар арилжаалагдаж байна.
Харин хар алт буюу нефтийн ханшийн тухайд өнөөдөр Нью-Йоркийн бирж дээр баррель түүхий нефть 93.84 ам.доллар байна. Өнгөрөгч сард 5.6 хувиар, сүүлийн 6 ажлын өдөр дарааллан өсөөд байсан түүхий нефтийн ханш шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд эргээд буурч арилжаалагдсан байгаа. Энэ нь АНУ дахь нефтийн нөөц нэмэгдэнэ гэсэн хүлээлт зах зээлд оролцогчдод их байсантай холбоотой юм. Долоо хоногийн дундуур АНУ-д түүхий нефть түүнтэй адилтгах нөөцийн хэмжээ 388.6 сая баррельд хүрсэн нь сүүлийн 22 жилийн хамгийн өндөр хэмжээ боллоо.Тодруулбал, лхагва гарагт тус улсын Лайт төрлийн тавдугаар сард нийлүүлэгдэх нөхцөлтэй түүхий нефтийн үнэ 1.56 ам.доллароор буурсан бол Брент төрлийн түүхий нефть 1.7 хувиар буурч, 108.76 ам.долларт хүрч арилжаалагдсан байна. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээ шинжээчдын хүлээж байснаас тааруу гарсан нь тус улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд түүхий нефтийн ханшийн өсөлтөнд цаашид хангалттай хэмжээний шалтаг болохгүй гэсэн хардлагыг зах зээлд төрүүлж байсан нь Лайт түүхий нефтийг 92.30 ам.доллар, Брент түүхий нефтийг 104.60 ам.доллар хүртэл тус тус хүрч буурахад нөлөөлжээ.
Нүүрсний ханшийн тухайд БНХАУ-д томд тооцогдох “Qinhuangdao”-н боомтын нүүрсний нөөц сүүлийн 32 долоо хоногийн оргил түвшин болох 8.3 сая тоннд хүрсэнтэй холбоотой 5500 килкалори бүхий агууламжтай нүүрсний үнэ 610-625 юань буюу өмнөх долоо хоногосс 5 юаниар буурсан. Мөн Австралийн “Newcastle” боомт дээр нүүрсний ханш 1.4 хувиар буурч 87.90 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны 11-р сараас хойшхи доод түвшин болж бүртгэгдээд байна. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг 2013 онд өмнөх оноос дээрдэх хандлага ажиглагдаж байгаа ч тус улсад богино хугацаанд хангалттай хэмжээний нүүрсний нөөц байгаа нь ханш буурах үндсэн нөхцөл болж байгааг шинжээч тэмдэглэжээ. Долоо хоногийн сүүлийн өдөр Азийн томоохон нүүрс нийлүүлэгч Индонез улсын бага илчлэг бүхий нүүрсийг худалдан авах БНХАУ-ын сонирхол бага байгаа тухай мэдээлэл гарсан нь ханшийг уруудахад хүргэв.
Тэгвэл шар алтны ханшийн тухайд бас л суларсан үзүүлэлттэй байлаа. Өнөөдрийн тухайд унци алтны ханш дунджаар 1,587.10 ам.доллар байна. АНУ-ын гуравдугаар сарын аж үйлдвэрлэлийн салбарын ерөнхий индекс хүлээгдэж байснаас муу үр дүнг үзүүлсэн нь ам.долларын ханш сулрах шалтгаан болсон. Тэгвэл Ази болон Европын зах зээлүүд амралттай байсан нь зах зээлд нөлөөлж байлаа. Долоо хоногийн дундуур АНУ-ын үйлдвэрүүдийн захиалгын хэмжээ таамаглаж байснаас сайн гарсан нь голлох индексүүд өсөлттэй гарахад нөлөөлсөн бол Евро бүсийн эдийн засгийн тоон мэдээнүүд буурсан үзүүлэлтийг харуулжээ.Ийм мэдээний улбаагаар шар металлын ханш суларч нэг унц нь 1,575 ам.долларт хүрсэн байгаа. Харин долоо хоногийн дундаас хөрөнгө оруулагчид Европ, Англи, Япон улсын төв банкуудын хурлыг анхааралтай хүлээж эхэлсэн нь зах зээл дээрхи жижиг хөдөлгөөн шар металлын ханшинд хүчтэй нөлөөлөв. АНУ-ын хувийн салбар дахь ажлын байрны өсөлт хүлээгдэж байснаас бага гарсан болон үйлчилгээний салбарын борлуулалтын өсөлт сүүлийн 7 сарын хамгийн бага түвшинд хүрсэн зэрэг мэдээнүүд тус улсын эдийн засгийн талаарх эргэлзээг нэмэгдүүлж, ам.долларын ханш сулрах шалтгаан боллоо. Мөн хөрөнгийн зах зээл дээрхи голлох индексүүд суларч эхэлсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшин хүртлээ буурсан газрын тостой холбоотой байв. Түүнчлэн эдгээр мэдээний араас шар металлын ханш томоохон бууралтыг харуулж нэг унц нь 1,555 ам.долларт хүрчээ. Пүрэв гаригт АНУ-ын ажлын байрны тоон мэдээ тэр дундаа шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо нэмэгдэж гарсан байна. Харин шинжээчдийн хүлээж байсанчлан Япон, Англи, Европын төв банкууд хүүгийн түвшинг хэвээр нь буюу 0.10, 0.50, 0.75% дээр үлдээсэн ба Японы төв банкны ерөнхийлагч Харукихо Курода бонд худалдан авахаа нэмэгдүүлнэ гэсэн нь иений ханшинд хүчтэй нөлөөлсөн байна. Иений ханшийн хөдөлгөөн шар металлын үнэнд нөлөөлж нэг унц нь 1,539 ам.долларт хүрлээ. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын ажилгүйдлийн түвшин 7.6% болж өмнөх сараас бага зэрэг буурч гарсан ч шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээгдэж байснаас маш муу үр дүнг харууллаа. Харин энэ мэдээ АНУ-ын Холбооны нөөцийн сангийн анхаарлыг татаж мөнгөний тэлэх бодлогыг хэвээр барих талаар ярихад хүргэлээ. Энэ нь алтны ханшийг өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл боллоо. Тэгэхээр дэлхийн эдийн засаг тэрдундаа таваарын захын өнгө нэг ийм байна.
Сэтгэгдэл ( 0 )