жижиг дунд үйлдвэрлэгчид зээлийн батлан даалтын сантай боллоо.

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

 

Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд батлан даалт гаргах нэгэн шинэ сангийн нээлт өнөөдөр болсон юм. Тус сангаас зээлд гаргах батлан даалтын хэмжээ 250 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн гурван төрөлтэй ажээ. Сан эхний ээлжинд Төрийн банктай хамтарч зээлд батлан даалт гаргах юм байна. Цаашдаа арилжааны банкуудтай хамтран ажиллах бөгөөд үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдгээ Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлсэн. Батлан даалтын хугацаа нь авсан зээлийн хугацаатай ижил байх бөгөөд батлан даалт хүсэгч нь шимтгэл, хураамж төлөх ажээ. Тухайлбал:

 -1 жил хүртэл хугацаанд 1.0%

-1-2 жил 2.0 %

-2-оос дээш жил 3.0 хувиар батлан даалтын хэмжээнээс тооцон нэг удаа төлөх юм байна.

Инэгснээр  барьцаа хөрөнгийн хангалтгүйгээс болж эргэлтийн хөрөнгө, эсвэл бага хэмжээний ч болов зээл авч чадахгүй байгаа хүндрэлийг тухайн авах зээлийнхээ хэмжээ, хугацаанаас шалтгаалж нэг удаагийн шимтгэл төлөөд л зээлээ шийдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Үйл явцын тухайд, батлан даалт хүсэгч нь Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулсан арилжааны банкинд зээл авах хүсэлтээ эхлээд гаргах аж. Үүний тулд зээл хүсэгч нь хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх ёстой гэнэ. Ингээд тухайн арилжааны банк материалыг нягтлаад Зээлийн батлан даалтын санд зээл олгох тухай дүгнэлтийг явуулах аж. Сангаас саналыг үзээд, банк, санхүүгийн байгууллагад батлан даалт хийх гэрээ байгуулснаар зээл авах боломж бүрдэх юм байна. Сан “Тэнгис” кино театрын хойд талд байрлах “Оранж” төвийн гуравдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top