Нийгэм, эдийн засгийн хөгжлийн биелэлт 78 хувьтай гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр /2013.04.12/ УИХ-ын даргад өргөн барилаа. Үндсэн чиглэлийн төлөвлөгөөг  2011 онд  6 бүлэг, 21 зорилт, 145 арга хэмжээтэйгээр баталсан юм байна. Биелэлтийн хувьд 2012 оны эцсийн байдлаар 74,3 хувьтай гарсан гэж Ч.Сайханбилэг сайд ярилаа.

Хэрэгжилтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл:

-Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх макро эдийн засгийн бодлого 78 хувь

- Өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит салбарын хөгжлийн бодлого 68,5

-Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого 64,4

-Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого 83,4

-Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 80

-Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76,4 хувийн хэрэгжилттэй гарсан байна.

        Засгийн газраас мөн Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Ч.Сайханбилэг сайд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөл санаачлагчид “Монгол судлал 100 гаруй жилийн өмнө өрнө дахинд үүсч, дэлхийн 20 гаруй орны 70 орчим эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн хөгжиж ирсэн боловч дэлхийн улс төр, нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хямралаас шалтгаалан сүүлийн  20 гаруй жилд Америк, Герман, Англи зэрэг орны монгол судлалын зарим төв хаагдаж үйл ажиллагаа нь хумигдаж байна” хэмээн парламентын тэргүүнд танилцуулсан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан дотоод, гадаадын  монгол судлалын үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжиж, эрдэм шинжилгээний ажлыг идэвхижүүлэх, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх шаардлага гэж үзээд холбогдох хуульд нэмэлт оруулахаар төсөл санаачилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top