Үндэсний компаниуд нэгдэж орон сууцны хороолол барьж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил өнөөдрөөс эхэллээ.

Энэхүү хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгуулж байна. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.

“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орно гэж Үндэсний бүтээн байгуулалт корпорацийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Харин дараагийн орон сууцуудыг нь ирэх оны тавдугаар сард бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.

Үндэсний компаниуд хамтарч, барилгын үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, монгол ажилчдын хүчээр бүтээн байгуулалт хийх ийм зөв жишгийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд орон сууцны үнэ нь харьцангуй хямд өртөгтэй байна гэлээ.

Барилгын салбарынхантай олон удаагийн уулзалт хийж, ярилцсаны дүнд үндэсний компаниуд ийн нэгдэх бололцоо байгааг олж харсан. Өнөөдөр манай компаниуд хамтарч хийх ажил, гүйцэтгэх цаг хугацаагаа яв цав тохирч барилгын ажлаа эхлүүлж чадлаа. Үр дүнд нь монгол залуучууд байнгын ажлын байртай, иргэд маань хямд орон сууцаар хангагдах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг шав тавих ёслолын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.21.37) 2013 оны 04 сарын 15

amjilt husie

0  |  0
Top