Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бий болсон барилгын салбарын бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз үйлдвэрлэлийн хүчин чадал зах зээлийн шилжилтэнд задарч манай салбарт зарим бэрхшээл бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайд Ц.Баярсайхан хэлж байна. 600 гаруй төлөөлөгч оролцсон Барилгын салбарын удирдах ажилтны «Бүтээн байгуулалт-Хөгжил» зөвлөгөөн дээр тэрээр ийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд бэрхшээлийг салбар бүртээ шийдэж ажиллахыг зорьж байгаагаа хэлж байв.
Ямартай ч энэ салбарт бүтээн байгуулалтын ажилд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт нэн тэргүүнд шаардлагатай. Тиймээс Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль гээд багц хууль хамтран хэлэлцэгдэхээр болоод байна.
Мөн барилгын салбарын гол баримт болох “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсэг гарч олон улсын байгууллагын дэмжлэгээр хуулийн төслийн боловсруулалт хийгдэж байгаа.
Бүтээн байгуулалтанд анхаарах эрх зүй, барилгын салбарын хамтын ажиллагаа, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг салбарын сайд нь хэлж байв.
Барилга, хот байгуулалтын яам бие даан байгуулагдсанаас хойш найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөлгөөнд оролцож буй салбарынхандаа өглөө.
Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дотоодын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, барилгын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах арга хэмжээ авч байна. Одоо компаниудад хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Засгийн газраар оруулна. Дутуу баригдсан санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Цаашдаа дэд бүтэц, газрыг төрөөс шийдэж өгснөөр орон сууцны үнэ буурч, тогтворжих болно гэдгийг барилгын салбарынханд хэллээ.
Барилгын салбарыг авч яваа бүтээн байгуулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сонордууллаа.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийв. Эдийн засгийн хөгжлийн сайд барилгын компаниудыг нэгдэж томрох шаардлагатай байгааг сануулав. Ингэж чадвал санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоо Засгийн газарт байгаа гэв. Харин Хөдөлмөрийн дэд сайд үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд барилгын компаниудад ажиллах хүч нийлүүлэх талаар мэдээлэл хийв.
Барилга угсралт, нийтийн аж ахуй, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл гээд салбарын бүхий л удирдах ажилтнууд цугларах зөвлөлгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдлагууд оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөлгөөнөөс гарах шийдвэрийн төслийг батлахаар төлөвлөөд байна.
Тэд барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжил, орон сууцны чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бүхий л сэдвээр яриа өрнүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )