Ч.Улаан: Галтай торх шиг эдийн засаг хүлээж авсан...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Ч.Улаан сайд  төсөв, санхүүгийн шинэчлэлээ танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр Төсөв, санхүүгийн шинэчлэл нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын суурь шинэчлэл юм гэж нээлттэй ярилцлагынхаа эхэнд хэллээ.

Төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, инфляц 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлагаа даахгүй орлоготой эдийн засгийг Шинэчлэлийн засгийн газар хүлээж авсан. Иймд эрс шинэчлэл хийх шаардлага гарч, энэ бүхнийг зөв голдиролд нь оруулахын төлөө ажилллаж байгаа гэлээ.

Орон нутгийн төсвийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн. Эрх мэдлийг нь орон нутагт өгсний хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэж байгаа. Иргэдийнхээ саналыг сонссоны үндсэн дээр төсвөө боловсруулж, орон нутагт ажил өрнөж байна. Энэ шинэчлэлийн ард иргэдийн оролцоо, хяналт нэмэгдэж байгаа шүү гэж Сангийн сайд хэллээ.

Өмнөх онуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаархи сэтгүүлчдийн асуултад:

-2010 онд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум доллар байсан, 2011 онд 4,6 тэрбум болж өссөн бол энэ тоо, өнгөрсөн онд 3,8 тэрбум доллар болж буурсан. Энэ нь дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж үзэхгүй байгаа гэж Ч.Улаан тайлбар хийлээ.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдал, хөрөнгө оруулалт болоод бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн Засгийн газрын зорилт  бий.

Оюутолгой, Тавантолгойн тухайд эргэлзээтэй асуудал гарч байна. Санхүүгийн баримт бичигтэй нь нэг бүрчлэн танилцаж байгаа. Энэ хоёр гэрээ эргэлзээтэй болоод ирэхэд дагаж хошуурч байсан зарим компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, үйл ажиллагаагаа зогсоосон гэж Ч.Улаан сайд ярилаа. Энэ асуудлыг цэгцлэхээр 4 сайдаас  бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа гэлээ.

Өнгөрсөн 12 дугаар сард бонд гаргах зайлшгүй шаардлага байсан. Хэрэв гаргаагүй бол валютын ханш өсөж, инфляцийн түвшин 25 хувьд хүрч эдийн засаг хямрахаар байсан. Чингис бондын хөрөнгийг эдийн засгаа тогтворжуулахад зарцуулж байгаа.

Мөн Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх томоохон бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ зарласан, ажил эхэлж байна гэж сайд хэлээд эдийн засаг, санхүүгийн асуудлаар улстөржиж, худал мэдээллээр иргэдэд дарамт үүсгэж болохгүй гэлээ.

Галтай торх шиг эдийн засаг хүлээж авсан ч ийм байдлаас гарахын тулд татвар нэмээгүй. Цаашид ч татвар нэмэх бодлого байхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Улаан мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top