Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн гуравдугаар үе шатны хэлэлцээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Монголын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, Японы төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин сайд Жун Ёкота нар ахлав. Хоёр талын холбогдох яамд, агентлагуудаас нийт 100 гаруй шинжээчид хэлэлцээнд оролцов.
Нээлтийг ЭЗХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын дарга Д.Болдбаатар, Японы талаас Гадаад харилцааны яамны Эдийн засгийн газрын дэд захирал Кенжи Гото нар хийж, хэлэлцээний цаашдын явцын талаар санал солилцов.
Хэлэлцээнд бараа болон үйлчилгээний худалдаа, барааны гарал үүсэл, гаалийн журам, хөрөнгө оруулалт, оюуны өмч, өрсөлдөөн, хамтын ажиллагаа, худалдаан дахь техникийн саад, тотгор, эрүүл ахуйн арга хэмжээ, Засгийн газрын худалдан авалт болон бизнесийн орчныг сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэв.
Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улс, Япон Улсын хоорондын харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх ач холбогдолтой юм.
Дараагийн үе шатны хэлэлцээ Токиод болно. Хэлэлцээний товыг талууд харилцан тохиролцох аж.
Сэтгэгдэл ( 0 )