Нийслэлийн удирдлагууд худлаа ярьсандаа бантаад суухыг хүссэнгүй. Харин асуудлыг хурдан түргэн шийдэхийг чухалчилжээ. Тэр нь эрчим хүчний V дугаар эх үүсвэрийг байгуулах газрын тухай асуудал юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 18-ны өдөр Газар эзэмших эрх олгох тухай А/406 тоот захирамж гаргалаа. Тэгснээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов. Мөн тус станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Тэгэхээр одоо дулааны 5 дугаар цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа харагдана.
Хөлийн голын хөндий дэх 43 га газрыг өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК эзэмшиж байсныг нийслэлдээ авсан гэж удирдлагууд нь худлаа ярьсан нь илрээд Засгийн тэргүүнийг бухимдуулаад авсан юм. Тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэх мэдээллийг олон нийтэд өгчихөөд байтал нь тэр нь худлаа гэдэг нь тодорхой болж, ямартаа л Н.Алтанхуяг эрхэм “-ТЭЦ5-ын асуудлыг Засгийн газрын хурлаар 7 удаа хэлэлцсэн. Нийслэлийн удирдлага, Байгаль орчны яамнаас үнэлгээг нь асуусан. Аль аль нь бололцоотой гэсэн. Гэтэл одоо нийслэлийнхэн хувийн компанид өгчихсөн юм байна яана аа гэж байна. Нийслэлийн зүүн талыг дулаанаар хангах “Амгалан” дулааны станцын талаар мөн ийм яриа гарсан. Газар чөлөөлөхөд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Байдал ийм л байна. Нийслэлийнхэнд ажлаа хий, наад газраа чөлөөл гэж үүрэг өгсөн байгаа.” хэмээн хэлж байхав. Тэгээд ямар ч байсан нөхдүүд үүрэг даалгаврыг биелүүлж.
Энэхүү газар Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтдаг, улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулчихвал л болоод явчихна гээд л байсан. Гэтэл тэр болтол бас ч зай бий байж гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. Эрх мэдэлтнүүдийн нэг хэсэг нь нэг юм ярьдаг. Нөгөө хэсэг нь бас өөрийг ярьдаг. Хийгээд хэрэгжүүлье гэхээр зөрж давхиад байдаг баларсан жишиг үүн дээр харагдлаа. Харин одоо газрын асуудал нэг мөр шийдэгдэх талдаа орчихвол тус станцыг барья байгуулъя гээд байгаа Орос, Хятад, Япон, Монголын NewCom гээд дөрвөн талын саналыг шийдэх тал дээр нөхдүүд даруйхан анхаарах биз ээ.
С.Ганбаатар нарын нөхдүүд V дугаар цахилгаан станцын төсөл гацаад байгаа шалтгааныг улстөрийн намуудын жөтөөрхөлцөлтэй холбон тайлбарлаж байгаа. Улс орны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх төслийг улстөржиж гацааж байна гэсэн буруушаасан байр суурийг илэрхийлж буй юм.
Одоогоор хамгийн тодорхой байгаа нэг зүйл бол манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулахгүйгээр хэчнээн их бүтээн байгуулалт яриад нэмэргүй. Хол явахгүй. Хэрэв шийдвэрлэхгүй чигээрээ байх юм бол ирэх жилүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээ болоод тэсгим хүйтэн өвлүүдийг давж дийлэхгүй. Хэдийгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барих, бас IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх тухай засгаас шийдвэрлэсэн ч, эдгээр нь цаг зуурын л аргацаасан шийдвэрүүд юм.
Ямартаа ч Үүл баатарт талархахад гэмгүй ч бололтой. Хувийн хэвшлийнхний мэдэлд байсан “Хөлийн гол”-ын хөндийг эргүүлэн журамлаж улсын мэдэлд авснаар эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох цаг арай наашилж байгаа болов уу гэж найдна.
Б.Билэгт
Сэтгэгдэл ( 3 )
HU namiin 90 jil zavaaruulsan yumiig 8 sard tsegtselne gej yu baihav dee. Umnu n kommunist darga naraasaa aigaad negniihee derged ch uv yarij chaddaggvi baisan baij.AN garaad jaahan yum hiih geheer n l nuguudliinhee yatgalagaar eldev yum bichih yumaa.Bvh gazriig chin avlaga avaad hudaldchihsan baisniig hotiin nusgai batsaan ch medne dee.
Наад байршил дээрэээ гидравлик тооцоог гь 1 сайн хийгээд үзээрэй
Tend uul n goe horoolol uuseh gj bsiin. Oor gazar stants barij bolooguin bhdaa gazar mundsan bish