Ирэх сарын 10-наас тариалалт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Хөдөөд цангинах нялх төлийн дуутай зэрэгцэн, газар тариалангийн нөр их ажил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тариаланчид хаврын тариалалтаа ирэх сарын 10-25-ны хооронд эхлүүлэхээр бэлтгээд байгаа аж. Энэ онд манай улс 393.7 мянган га талбайд улаан буудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалахаар төлөвлөжээ. Харин энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийт 41.1 мянган тонн буудайн үр нөөцөлсөн байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, “Газрын ундраа” компанийн ерөнхий захирал Ш.Мардаан “Газрын хөрс 6-7 см-ийн гүндээ наймаас дээш градусын дулаантай болох үед үр суулгаж эхэлбэл тохиромжтой. Тариалалтыг хугацаанд нь хийгээгүйгээс ургацын болц удааширдаг. Тариаланчдын хувьд тухайн газар орныхоо онцлогт тохируулан булцаа сонгох нь зүйтэй бөгөөд технологийн горимыг баримтлах хэрэгтэй.

Улаан буудайн үрийг 5-6 см-ийн гүнд суулгах хэрэгтэй” гэж мэдээллээ. Ус, цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 3-5 градус дулаан байх гэнэ. Хур тунадасны хувьд олон жилийн дундаж түвшинд байх аж. Харин хаврын сүүлчээр цочир хүйтрэн, зуны дунд үед түр хугацаагаар хүчтэй халах тул үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг тус хүрээлэнгээс анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top