ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо "ХБНГУ болон Төв Ази-хамтын ажиллагааны үр шимээр дэвшилд хүрэх нь" сэдэвт Төв Азийн эдийн засгийн дөрөвдүгээр бага хурал боллоо.
ХБНГУ-ын Засгийн газраас өмнөх гурван удаагийн бага хурлыг Казахстан, Киргизтан, Тажикистан, Туркменистан болон Узбекистан улсуудтай хамтран зохион байгуулсан байна. Энэ удаагийн бага хуралд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд монголын талын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат тэргүүлэн оролцлоо.
Энэхүү бага хурлыг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөлөөс хамтран зохион байгуулав. Бага хурлаар дээрх урилгаар оролцож байгаа 6 оронтой хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар санал солилцож, хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ арга зам, оролцогч орнуудын өмнө тулгарч байгаа бэрхшээл хийгээд сорилт, өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтайгаа хуваалцах, гадаад ертөнц болон түнш орнуудад хөрөнгө оруулалт, түүний хууль зүйн орчны талаар мэдээлэл өгөх боломжийг олгосон юм.
Уг бага хурал нь оролцогч орнуудын улс төр, эдийн засаг, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд хөдөө аж ахуй, ашигт малтмал, эрүүл мэнд, тээвэр, мэргэжлийн боловсрол болон эрчим хүчний чиглэлээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагад оролцох болон бага хурлын хүрээнд хоёр талын яриа, хэлэлцээр хийх боломжийг мөн олгодог онцлогтой.
Дэд сайд О.Чулуунбат бага хурлын хүрээнд Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хат. Г.Копп, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТУЗ-ийн орлогч дарга К.Байер болон Германы сэргээн босголтын банкны Зүүн Ази, номхон Далайн газрын захирал хат. К.Хаймбергер нартай уулзаж, хоёр талын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны явцын талаар уулзалт яриа хийсэн ба Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд германы талтай хэрэгжүүлэх гэж буй төслүүд болох нүүрс шингэрүүлэх, коксын үйлдвэрийн төслүүдийн талаар ярилцаж, санал солилцов.
Бага хурлын нээлтийн ажиллагаанд Холбооны ЭЗХАХ-ын сайд Д. Нийбел болон Холбооны ЭЗТ-ийн сайд Ф. Рёслер нар оролцож, үг хэлсэн ба германы талаас Холбооны Гадаад харилцааны яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Холбооны Эдийн засаг, технологийн яам, Зүүн болон төв Европын нийгэмлэг, Германы хөрөнгө оруулалт хөгжлийн компани, Германы Сэргээн босголт зээлийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы гадаад худалдаа, үйлчилгээ, бөөний худалдааны холбоо, германы хувийн хэвшлийн төлөөлөл болох 500 орчим төлөөлөгч уг хуралд оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )