Үндэсний арав гаруй компани нэгдэж “Монгол ган нэгдэл” -ийг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Уул уурхайн болон ЭЗХ-ийн сайд нарыг Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн орд газрын үйл ажиллагаатай танилцах үед төмрийн хүдэр олборлогч, экспортлогч үндэсний арав гаруй компани нэгдэж “Монгол ган нэгдэл” ХХК-ийг байгуулсан ба үйл ажиллагааны байдал, цаашдын зорилтын талаар танилцуулжээ. Төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, агуулгыг өсгөх зорилгоор нойтон аргаар баяжуулах шинээр 6 үйлдвэр, 3 үйлдвэр өргөтгөн шинэчлэх төсөл боловсруулсан нь нийтдээ 226.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна. Тус компани 64,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр хийж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд 609.6 мянган тн бүтээгдэхүүн экспортолж бүрэн хүчин чадлаар ажиллахад 6.9 сая тн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох юм.

Мөн сайд нар Дархан-Уул, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан байгаа.

Манай улс ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол 2012 оны байдлаар 90 орчим хувь болж 10 жилийн дотор 40 хувиар өссөн, үүний дотор төмрийн хүдэр, баяжмал экспортолдоггүй байсан бол 6.4 сая.тн болсон нь Монгол Улсын гуравдагч томоохон экспортын бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saruul(183.81.169.21) 2013 оны 04 сарын 26

sain ajilaad ashig oloh tysam uls avna gene de.

0  |  0
Top