Хятадад чирэгдсэн Монгол “хурдан зарцуулах” бодлогын золиос болох вий...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Уг нь манай эдийн  засаг арванхоёр онд 12.3 хувиар өсч, хурдацтай өсөлтөө хадгалан үлдсэн л дээ.  Гэхдээ өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт ихээр унаж, эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас буурчихаад байгаа юм. Мэдэгдэхүйц өөрчлөлт дээр тулгуурлан өгүүлбээс Монгол улсын төсвийн нийт тэнцэл ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болов. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дахин ихээр хуримтлагдаж байгаа энэ үед төсвийн үр дүнгийн гүйцэтгэл 2013 онд өмнөх оныхтой адил гарч болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.

Түүнчлэн манай улс түүхэндээ байгаагүй их дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байгаагийн зарим хэсгийг олон улсын захаас анх удаа амжилттай босгосон Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдсэн энэ үед анхаарах зүйл их байгааг Дэлхийн банкнаас сануулжээ. Тэдгээр нь нийгэм, эдийн засгийн өгөөжийг дээд түвшинд хүргэж, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас зайслхийх зорилгоор хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах,  эдгээр төслүүдийн санхүүжилтийг нэгдсэн төсөвт ил тод тусгаж харуулах зэрэг юм.

Ямартай ч бодит салбарт гарсан өөрчлөлт, цаашдын төлөв байдлыг дараах янзаар харж байна.

Дэлхийн Банк суурь хувилбараа өөрчилж, Монгол улсын эдийн засгийг 2013 онд 13 хувиар өсөхөөр тооцож байгаа ч гэсэн энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр түвшингүүдийн нэг хэвээр байгаа аж. Гэхдээ өсөлтийн гол хүчин зүйлүүдийн хувьд тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв байдал нэлээд тогтворгүй байна.

  Инфляци 2012 оноос хойш хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан бол 2013 оны 3-р сард 9.8 хувь болж саараад байна.

Нэгдсэн төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувь болж, сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлтэнд хүрсэн нь төсвийн тэнцлийг доройтуулав. 2013 онд нэгдсэн төсвийн төлөв байдал өмнөх оныхтой төстэй байхаар байна; төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ДНБ-ий 2 хувиас хэтрэх ёсгүй боловч 7 хувиас давах магадлалтай байна. Төсвийн төлөв байдал хэврэг байхын хажуугаар Үнийг тогтворжуулах хөтөлбөр болон Хөгжлийн банк хэмээх төсвийн гадуурх хоёр эх үүсвэрээс нийгмийн чанартай төслүүдэд санхүүжилт хийгдэх болно. Мөн Чингис бондын хөрөнгийг зарцуулна. Эдгээр эх үүсвэрийг төсөвт тусгаж харуулбал нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 13 орчим хувьд хүрэхээр байна.

Харин гадаад салбарын тухайд Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний саруудад ерөнхийдөө доогуур байж, эрдэсийн экспорт сайжрахын хирээр оны сүүлийн хагаст нэмэгдэх төлөвтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал огцом буурсан нь эдийн засгийн өсөлтийг доош нь чангаах томоохон эрсдэл болж байгааг хаа хаанаа ярьж буй билээ.

Тэгвэл мөнгө, банкны салбарын тухайд эдийн засгийн өсөлт 2012 онд саарч, банкуудын зээлийн өсөлт буурсан тул мөнгөний бодлого 2013 оны эхэн үеэс богино хугацааны зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлтэй болсон.

    Санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд санхүүгийн тогтвортой бус байдал заналхийлж байгаагийн дохио харагдахгүй байгааг тодотгож байна.

Харин цаашид тулгарч буй сорилтуудыг авч үзвэл Төсвийн бодлого байнга тэлж, мөчлөг дагасан шинжтэй байгаа нь эдийн засаг тууштай, тогтвортой өсөхөд эрсдэл болсон хэвээр байна.

    Сүүлийн арван жилд 35 дахин нэмэгдсэн хөрөнгө оруулалтын зардал хурдацтай өсч байгаа нь шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чанарыг муутгах эрсдэл агуулж байна. Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо, барилгын салбарын шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийг шингээх хүчин чадлыг тэр бүр хурдан нэмэгдүүлж чадахгүй.

    Төсвийн удирдлагын загвар одоогоор “хурдан зарцуулах”-д чиглэж байгааг болиулж, “үр ашигтай зарцуулах” болгон өөрчлөх зөвшилцөлд хүрэх нь өнөөдрийн томоохон сорилт болоод байна. “Төсвийг оновчтой зарцуулах” гэдэг нь эрдэс баялгийн нөөцийг Монгол улсын одоогийн болоод шинээр төрөх иргэдийн аж байдлыг сайжруулахад үр дүнтэй зориулж, зарим нөөцийг ашиглан урьдчилан сэргийлэх зорилготой хуримтлал үүсгэх шаардлагатай гэдгийг шинжээчид хэлээд байгаа.

Харин мөнгөний урсгалыг татаж чадаж байна гэж оодорч байгаа эрх баригчид энэ мэт асуудлуудад анхаарал хандуулах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(88.67.120.141) 2013 оны 05 сарын 03

hoshgiruulna gej

0  |  0
Top