Үгсэн хуйвалдсанаа хүлээн зөвшөөрсөн импортлогчид дахиад бүдрэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 04

Арванхоёр оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд санаа нийлэн шатахууны үнийг 230-260 төгрөгөөр нэмж иргэдийг засаг төртэй нь хамт бухимдуулсан. Тэрхүү бухимдлын мөрөөр ШӨХТГ-аас үнэ нэмсэн асуудлыг хянаж нягтлаад импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хууль бус хэрэг явдал болжээ гэсэн дүгнэлтэд хүрч, улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэсэн ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгож байсан билээ. Харин шинэ удирдлага тэмцэгч О.Магнай экс дарга нарын тэрхүү үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн үзэж тэдний хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуулинд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.

Ер нь бол импортлогчид хуйвалдаагүй биш хуйвалдсан гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий эрхэм ярьсан байдаг. Эх сурвалжийн хэлснээр бол импортлогчдыг зүгээр байхад нь ийм их мөнгөөр торгохгүй бөгөөд тэдний үгсэн хуйвалдсан хурлын протокол нь хүртэл олдсон. Өөр бусад баримт ч бий гэж байсан. Харин  импортлогч компаниудын удирдлагууд бол яасан ч торгууль төлөхгүй гэцгээж байлаа. Тэдний хувьд төв банк ам.долларын ханшийг тогтвортой барьж чадсан бол шатахууны үнэ өсөлтийг арай бага хэмжээгээр шийдэж болох байсан гэх зүйлийг ярьж байсан.  

Тэгвэл нөгөө импортлогчид өдгөө торгуулиа төлөөд эхэлжээ. ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол” ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК-удад ногдуулсан торгуулийг эргүүлэн төлөх шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдаж одоогийн байдлаар “М Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд торгуулийн мөнгөн дүнгийн эхний хэсгээс төлж эхлээд байгаа аж. Одоо шүүхийн шийдвэрээр:

“Шунхлай трейдинг” ХХК–ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байна.

“Петрожамп” ХХК-ийн бенз маркийн машин, “Магнай трейд” ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай 4 үл хөдлөх хөрөнгө, 3 шатахуун түгээх станц, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ.

“М Ойл” ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилсэн. “Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлэх ажиллагаа явагдаж байгаа аж.

Ерөнхийдөө шатахууны бизнес эрхлэгчдийг нэлээд хянаж ажиллаж байгаа гэхэд болохоор байна. Тэдэнтэй холбоотой гомдол санал ч их байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Ямартаа л  шатахуун түгээх станцууд шатахуунаа шахахдаа дутуу шахаж байгаа тухай гомдол ШӨХТГ-т ирдэг байна. Тиймээс ШӨХТГ болон Стандартын газрын улсын байцаагчид хамтран Орхон аймаг болон нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа “Петровис” ХХК-ийн 4-р ШТС, “М-Ойл” ХХК-ийн Баянбүрдийн тойргийн ШТС, “Сод Монгол” ХХК-ийн Гандангийн дэнж дахь ШТС-уудаар гэнэтийн шалгалт хийсэн байна. Ер нь бол уг хяналт шалгалтанд нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станцууд хамрагдах бөгөөд шалгалтын дүн 14 хоногийн  дараа гарах аж. Тэгэхээр үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрч торгуулиа төлж эхлээд байгаа импортлогчид оруулж ирсэн шатахуунаа хэрэглэгчдэд хүргэх шат дамжлага дээрээ шогтож дутуу шахдаг эсэхийг нийтэд нь ингээд шалгачих бололтой..

Б.Билэгт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hgfdd(182.160.51.244) 2013 оны 05 сарын 06

baliar luivarchinguud ue ueiin suhtg iin dargantsaruud er ni yu hiij bn yun bol arai heterhii yumaa ter dargantsaruudiig zaaval shalgah heregtei

0  |  0
Top