Тэнд евро сэргэж, энд ам.доллар чангарсаар..

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 04

Валютын зах зээлийн өнгө төрхийг шинжээчид дараах байдлаар тоймлон хэлж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт ХБНГУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ерөнхий индексүүд хүлээгдэж байснаас муу гарсан нь Европын холбооны эдийн засаг цаашид улам хүндэрч болзошгүй гэсэн дохиог зах зээлд өглөө. Мөн тус улсын бизнесийн салбарын “IFO” индекс сул үзүүлэлттэй гарсны дараа еврогийн ам.долларын эсрэг ханш 1.2954 хүртэл суларсан нь сүүлийн 3 долоо хоногийн доод ханш болсон. Харин Итали улсын улс төрийн байдал тогтворжих төлөвтэй болж байгаа тухай мэдээ гарсан нь еврогийн ханш эргээд сэргэх шалтгаан болсон байна.

Тэгвэл АНУ-ын удаан эдэлгээт барааны захиалгын хэмжээ өнгөрсөн сард 5.7 хувиар буурсан бол шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногоос буурсан тухай мэдээ гарсны дараа ам.долларын ханш чангарч эхэлсэн ба ирэх долоо хоногт болох Европын төв банкны хурлаар бодлогын хүүг бууруулж болзошгүй байгаа нь еврогийн ханш сулрах шалтгаан болжээ.

Харин пүрэв гаригт Англи улсын ДНБ-ний өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарч, фунтын ам.долларын эсрэг ханш өдөртөө 1.1 хувиар чангарсан ба сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ. Япон улсын төв банк өмнөх хурлаас зарласан мөнгөний бодлогодоо ямар нэг өөрчлөлт оруулахгүй хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын 1-р улирлын ДНБ-ний өсөлт 2.5 хувь буюу хүлээгдэж байснаас бага гарсан нь ам.долларын иений эсрэг ханш сулрах шалтгаан болсон байна.

Ерөнхийдөө зах зээлд оролцогчид  Холбооны нөөцийн банк болон Европын холбооны төв банкуудын хурлаас гарах шийдвэрт ихээхэн анхаарал хандуулж байгаа нь харагдаж буй юм.

За харин дотоодын нөхцөл байдлын хувьд өнгөрөгч долоо хоногт Монголбанкны хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 47.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлэгдсэн ч ам.долларын арилжааны ханш чангарсан хэвээр байсан юм. Долоо хоногийн эцэс гэхэд ам.долларын арилжааны ханш 1440 төгрөг, юаний арилжааны ханш 233.30 төгрөгт тус тус хүрсэн байв. Тэгвэл энэ сарын 2-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.долларын саналыг 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлээд  юань худалдаагүй юм.

Харин банкууд валютын своп хэлцлээр 10 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлээд байна. Дашрамд тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Өнөөдрийн тухайд төв банкны албан ханшийг харахад 1 ам.доллар   1,432.81 төгрөгтэй, 1 юань 232.77 төгрөгтэй тэнцүү байна. Ерөнхийдөө ам.долларын ханш чангарсан үзүүлэлт хадгалагдсаар байгаа юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(202.9.47.130) 2013 оны 05 сарын 04

Худлаа банкуудад хямд доллар өгч ченжлүүлээд өдөр бүр ханшаа өөрсдөө нэмээд байгааг юу гэж ойлгох вээ энэ тэгээд зохицуулалт уу луйвар уу хэрвээ мөнгөний ханш үнэхээр унаад байгаа бол шууд 1500 болгоод бариад байл даа худлаа ингэж ард түмэнээ шулдагаа болимоор юмаа

0  |  0
Top