Ерөнхийдөө төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарах хандлага хадгалагдсан хэвээрээ байна. Төв банкны дуудлага худалдаануудаар ам.доллар зах зээлд нийлүүлэгдсэн нь ханшийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа ч, ханш аажим чангарсаар байгаа нь валютын эрэлт өндөр байгааг харуулж байна гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 11.3 сая ам.доллар худалдан авах, 5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк банкуудын ам.доллар худалдан авах саналыг 1435.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлжээ. Харин банкуудын ам.доллар худалдах саналыг хүлээж аваагүй аж. За харин юанийн тухайд банкууд 33 сая юань худалдан авах санал ирүүлж, төв банк 233.20 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлжээ.
Тэгэхээр дотоодын вапютын захын мэдээлэл ийм байгаа бол олон улсын валютын захын өнгө төрхийг харъя. Тэрдундаа Евро бүсэд байдал ямар байгааг ерөнхийлөн харвал Итали улсад сүүлийн хоёр сар үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал намжиж Засгийн газар байгуулагдсан тухай мэдээ тус улсын хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлсөн ба засгийн газрын бондын хүү ч буурсан байна. Мөн Герман улс болон Европын холбооны ажилгүйдлийн түвшин хүлээгдэж байсан хэмжээнд гарсан ба хэрэглэгчдийн итгэлийн индекс эерэг үр дүнг үзүүлжээ. Энэ нь еврогийн ханшийг долоо хоногийн эхний хагаст чангарах хандлага руу хөтөлсөн юм.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны хурлаас мөнгөний бодлогод ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх шийдвэр гарсан. Харин Европын холбооны төв банк хүлээгдэж байсны дагуу бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 0.5 хувь болгосон ба хамгийн сүүлд 2012 оны 7-р сар буюу 10 сарын өмнө бодлогын хүүг бууруулж байсан юм.
Европын холбооны төв банкны тэргүүн Марио Драги цаашид ч шаардлагатай бол бодлогын хүүг бууруулж, тэгээс доош оруулах боломжтой тухай мэдэгдсэн нь зах зээлд нөлөөлж еврогийн ам.долларын эсрэг ханш 1 хувиар суларсан бөгөөд доод тал нь 1.3036 хүрч арилжаалагдсан байна.
Харин өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АНУ-ын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоон мэдээ хүлээгдэж байснаас сайн гарсан ба ам.долларын иений эсрэг ханш үүнтэй холбоотойгоор чангарч эхэлсэн юм. Мөн тус улсын ажилгүйдлийн түвшин 7.5 хувьд хүрч буурсан тухай мэдээ Баасан гаригт гарсан нь хүлээгдэж байснаас эерэг үр дүн байлаа.
Иений ам.долларын эсрэг ханш үүнтэй холбоотойгоор 1.13 хувиар суларч, 99.06 болсон бол еврогийн ам.долларын эсрэг ханш 1.3050 хүртэл суларсан боловч эргээд чангарч хаагдсан үзүүлэлттэй байлаа.
Ерөнхийдөө тэргүүлэгч эдийн засгуудаас гадагшилж байгаа мэдээллүүдийг харьцуулбал АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо өнгөрөгч долоо хоногийн дундуур ээлжит хуралдаанаа хийж бодлогын хүү болон бонд худалдан авах хэмжээгээ 85 тэрбум ам.долларт хэвээр үлдээсэн. Баасан гаригт гарсан хөдөө аж ахуйн бус салбар дахь ажил эрхлэлтийн тоо таамаглаж байснаас сайн гарсан нь хөрөнгийн биржүүдэд ихээхэн өсөлт авч ирсэн. “S&P 500” индекс түүхэнд анх удаа 1,600 –аас дээш гарч арилжаалагдсан нь сүүлийн 90 хоногт 30%-иар өссөн үзүүлэлт болсон байгаа.
Тэгвэл манай өмнөд хөрш БНХАУ-ын тухайд валютын зохицуулалтын албаны зүгээс компаниудад 10 хоногийн хугацаанд гадаад валютын урсгалын тайлангаа гаргаж өгөх шаардлага тавьсан. Гадаад валютын урсгалаа зөв тайлагнах, цаашид дотоодын захаа гадны мөнгөн урсгалаас хамгаалах зорилготой бодлогоо улам чангатгах болно гэж мэдэгдээд байгаа. Ойрын хэдэн долоо хоногт юаний ханш ам.долларын эсрэг чангарч байгаа нь зах зээлд оролцогчид цаашид тус валютын ханш улам чангарна гэж хүлээж байгаатай холбоотой ба банк санхүүгийн компаниудын юаний позици өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдсэн мэдээ байна.
Европын тухайд тус бүсийн төв банкны ээлжит хуралдаан болж бодлогын хүүгээ түүхэн доод түвшин болох 0.5%-д хүргэж бууруулсан билээ. Бодлогын хүүг ингэж бууруулсан нь тус бүсийн эдийн засагт сэргэлт төдийлөн ажиглагдахгүй байгаатай холбоотой. Мөн хямралын байдлаас гаргах нэг алхам хийгдэж байна гэж харахад хүргэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )