“ДАВОС Монголд” ямар ялгаатай вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

Энэ оны есдүгээр сард  “ДАВОС Монголд” гэсэн арга хэмжээ болно. энэ талаар сайд Л.Болд байр сууриа илэрхийлэхдээ “Жил болгон оны эхэнд дэлхийн 2000 гаруй улс төрийн шийдвэр гаргагчид болон бизнесийн томоохон төлөөллийг багтаасан чуулга уулзалт Швейцарийн Давост болдог. Энэ хугацаанд хоёр хурлын завсар бүс нутгаар тодорхой уулзалтууд болдог. Жилдээ нэгээс хоёр оронд тусгайлсан уулзалт хийдэг. Энэ жил Монгол болон Японд хоёр тусгайлсан уулзалтыг хийхээр шийдсэн байгаа. Өнгөрсөн онд ОХУ-д хийж байсан. Ингээд харахад эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа Монгол Улсад маш чухал хурал юм. Нэг ялгаа нь АОХН-ийн хурал бол аль болох олон орныг оролцуулах байсан бол Давосын хурлын үр дүн нь олон түмний анхааралд өртдөг ч гэсэн нийтдээ 150 орчим улс төрийн болон бизнесийн лидерүүд ирдэг оролцогчдын хувьд хаалттай хурал юм. Дэлхийн олон улс төрийн, бизнесийн лидерүүд ирэхээс гадна Давосын чуулга уулзалтын ерөнхийлөгч ноён Клаус Шваб өөрөө ирнэ гэдгээ бидэнд мэдэгдсэн. Монгол Улсын цаашдын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулахад, дэлхийд таниулахад энэ хурлын гол үр дүн нь оршино. Бид одооноос эхлээд хийж байгаа томоохон судалгааныхаа үр дүнг танилцуулна. Үүний цаана бид эдийн засгийн хөгжлийн зөв чиг хандлагаа авахад гадны зөвлөгөө авна, нөгөө талаар бид зөв чиг хандлагаар асуудлыг шийдээд явах юм бол Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа шинэ гарааг бий болгох томоохон ач холбогдол бүхий хурал болно. Хэдийгээр оролцогчдын хүрээ нь бага боловч ач холбогдлоороо дэлхийн хамтын нийгэмлэгийн хурлаас ч дутахгүй гэдгийг дахин тэмдэглэх хэрэгтэй.” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top