Африкийн хотуудад жил бүр орон нутгийн захиргаанаас эсвэл бусдын албадлагаар олон мянган айл өрхүүдийг хүний эрхийн ямар ч хамгаалалтгүйгээр орон гэрээс нь хөөн гаргаж, тэдний амьдрал ахуйг улам дордуулсаар байна. Хүмүүс зөвхөн орон гэрээ төдийгүй нийгэмд эзлэх байр суурь, ажил хөдөлмөрөө алдаж, хүүхдүүд нь сургуулиас хүчээр гарч байна. Албан бусаар суурьшсан буюу ядуусын хороололд амьдарч буй иргэдэд тулгарч буй хамгийн том эрсдэл нь амьдарч буй газраа албан ёсны зөвшөөрөл авах боломж хомс байдаг аж.
Түүнчлэн “Ядуусын хороололд амьдардаг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн бэрхшээл зовлон нэгэн ижил байсан нь биднийг нэгтгэж улам бүр хүчтэй болгосон” хэмээн албадан нүүлгэлтэнд өртсөн Ганна улсын Акра хот дахь Фадамагийн ядуусын хорооллын оршин суугч, оёдолчин Флип Кумах ярьж байна.
Африкийн орнуудын засгийн газар, орон нутгийн удирдлагуудаас албадан нүүлгэлтийг зогсоож, орон байрны халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэн үзэхийг уриалж байгаа аж.
Хүмүүс маш олноороо шударга бус байдалд амьдарч байна. Хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хэн ч албадан нүүлгэгдэх ёсгүй. Энэ бол хууль бус ажиллагаа бөгөөд Африкийн засгийн газрууд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхгүй байгаа явдал билээ. Албадан нүүлгэлт нь улс орны хөгжил, хотыг дахин төлөвлөх нэрийн доор байнга явуулж буй хууль зөрчсөн үйлдэл төдийгүй хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг дордуулж, маш олон хүн орон гэргүй ядуу зүдүү амьдарч байна. Албадан нүүлгэснээс болж нийгэмд маш олон асуудлууд тулгарч байгаа бөгөөд энэ нь асуудлыг шийдвэрлэх гарц болж чадахгүй юм.
Зүй нь орон байртай байх нь хүний эрх юм.
Сахарын цөлийн өмнөд хэсгийн хотуудад дөрвөн хүний нэг нь албан бусаар суурьшин амьдарч байна. Хот төлөвлөлтийн талаар засгийн газраас гаргасан алдаатай бодлогын улмаас тэдгээр хүмүүс хотын бусад оршин суугчдын адилаар хотод ажил хөдөлмөр эрхлэх, татвар төлөх, саналаа өгөх, хүүхдүүдээ сургуульд явуулах зэргээр хотын эдийн засгийн амьдралд хувь нэмрээ оруулах чадваргүй байна. Хотын дахин төлөвлөлт ба төсөвт тэдний асуудлыг тусгалгүй орхигдуулдаг нь аюулгүй байдал алдагдаж, цэвэр усны хангамж болон сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх боломжгүйн улмаас шаардлагад нийцэхгүй орчинд амьдарч байна.
Энэхүү нөхцөл байдал нь албан бусаар суурьшин амьдарч буй хүмүүс бусдын адил цэвэр ус, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдарч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхтэй гэж заасан олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа хэрэг гэдгийг Эмнести интернэшнлийн зүгээс мэдэгдэж байгаа юм.
Түүнчлэн Африкийн орнуудын засгийн газар, орон нутгийн удирдлагуудаас дараах арга хэмжээг авахыг уриалж байна. Тодруулбал, албадан нүүлгэхийг даруй зогсоох, албадан нүүлгэх ажиллагаа дахин явагдахаас урьдчилан сэргийлж, албадан нүүлгэхийг хориглосон хууль баталж, хэрэгжүүлэх, тэдгээр нь олон улсын болон бүсийн хүний эрхийн хэм хэмжээтэй нийцэж байх,
албадан нүүлгэлтэнд өртсөн хүмүүстэй зөвлөлдөж, орон байрны наад захын хэрэгцээг хангах алхамыг нэн даруй авч хэрэгжүүлэх,
Ядуусын хороололд амьдарч буй хүмүүс цэвэр ус болон эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд орон байртай байх, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах боломжоор хангагдах үр дүнтэй бодлогыг авч хэрэгжүүлэх, Ядуусын хороололд амьдарч буй хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах асуудлыг төлөвлөх, төсөв гаргах үйл явцад болон шийдвэр гаргахад тэднийг оролцуулах гэхчлэн арга хэмжээнүүдийг авахыг шаардаж буй аж.
Гэвч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс шинэ шинэ ядуусын хорооллыг байгуулсаар, Африкийн засгийн газрууд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхгүй гэдийсээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )