АНУ-ын төсөв сүүлийн 5 жилийн хамгийн өндөр илүүдэлтэй үзүүлэлтийг дөрөвдүгээр сард үзээд байна. Тус улсын төсвийн орлого зардлаасаа 113 тэрбум ам.доллароор илүү гарсан байгаа юм. Энэ нь татварын түвшин өндөр байгаа болон эдийн засагт сэргэлт бий болж байгааг харуулсан ба тус улсын эдийн засагт оны эхнээс 1.6 триллион ам.долларын татварын орлого төвлөрөөд байгаа нь өмнөх оны мөн үеээс 16%-иар өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл Англид болсон Дэлхийн тэргүүлэгч улсуудын сангийн сайд нарын уулзалтаар Японы иений ханшийн талаар хэрхэн ярилцах бол гэсэн хүлээлт шинжээчдэд байсан ч, тэгсэнгүй. Валютын ханшийн талаар ач холбогдол бүхий мэдээлэл хийгдээгүй. Өнгөрөгч баасан гаригт иений ханш ам.долларын эсрэг 102 түвшинд хүрч суларсан нь Японы төв банкны бодлогын нөлөө ба бусад улсуудын сангийн сайд болон төв банкны төлөөлөгчид уг бодлогыг буруутгахгүй байгаа нь тодорхой болсон. Гэхдээ АНУ-ын зүгээс валютын ханшийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Харин манай өмнөд хөрш БНХАУ-ын тухайд үйлдвэрлэлийн хэмжээ дөрөвдүгээр сард шинжээчдийн таамаглаж байсан түвшинд хүрч чадаагүй. Үйлдвэрлэлийн гарц 9.5 хувиар өснө гэж таамаглаж байсан бол 9.3 хувь гэж гарсан. Шинжээчдийн зүгээс Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулж эдийн засгийн өсөлтийг дэмжих болов уу гэж хүлээж байна.
Австралийн төв банк ээлжит хуралдаанаараа бодлогын хүүгээ 3% байсныг 2.75% болгож бууруулсан. Үүнийг дагаад зах зээлд Австрали долларын ханш огцом бууж байгаа. Эдийн засгийн өсөлт суларч байгаа нь ийнхүү бодлогын хүүг бууруулах шалтгаан болсон. Хүүгийн түвшин өндөр, валютын ханш бага байхад тус улсын бондуудыг ихэвчлэн гадныхан худалдан авч байсан бол одоо АНУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж байгааг дагаад мөнгөний урсгал өөрчлөгдөж байгааг шинжээчид тэмдэглэжээ.
Европын холбооны төв банкны тэргүүн Марио Драги бүс нутгийнхаа эдийн засгийн тоон мэдээг анхааралтай ажиглаж байгаа ба шаардлагатай бол эдийн засгийн өсөлтийг дэмжих дараагийн арга хэмжээг авна хэмээн дахин мэдэгдэл хийсэн нь долоо хоногийн эхний өдөр еврогийн ханш сулрахад нөлөөлсөн.
Долоо хоногийн дундуур Герман улсын аж үйлдвэрийн захиалгын хэмжээ 3-р сард хүлээгдэж байснаас бага хэмжээгээр буурсан тухай мэдээ гарсны дараа еврогийн ам.долларын эсрэг ханш чангарсан бол хөрөнгө оруулагчид иенийг эрсдэл багатай активаар сонгож, худалдан авч байсан нь иений ханш бага зэрэг чангарахад нөлөөллөө.
АНУ-ын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт сүүлийн 5 жилийн хамгийн доод түвшинд хүртэл буурсан тухай мэдээ гарсны дараа ам.долларын бусад валютуудын эсрэг ханш огцом чангарсан.
Япон улсын хөрөнгө оруулагчид гадаад активуудыг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн нь иений ханш сулрах гол шалтгаан болсон ба ам.долларын эсрэг ханш нь 102-т дөхөж ирсэн ба шинжээчид цаашид 105 хүрнэ гэсэн таамаглалыг итгэлтэйгээр дэвшүүлж эхлээд байна. АНУ-ын хөдөлмөрийн салбарын тоон мэдээнүүд сайн гарсаар байгаа нь Холбооны нөөцийн сангийн зарим гишүүд “QE” хөтөлбөрийг удахгүй зогсооно гэх мэдэгдлийг хийхэд хүргэж байсан ба үүнтэй холбоотой ам.долларын ханш чангарсан хэвээр байв.
Харин дотоодын зах зээл дээр ам.доллар, юаний ханшууд чангарсан хэвээр байв. Монголбанкны дуудлага худалдаануудаар ам.доллар зах зээлд нийлүүлэгдсэн нь ханшийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байв. Гэвч ханш аажим чангарсаар байгаа нь валютын эрэлт өндөр байгааг харуулсаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тодорхой сайн мэдээлэл бна.