Улаан уруудаж шар тогтворжив

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7,195.50 ам.доллар байна. Улаан металлын ханш уналттай байна. Уг нь өнгөрөгч долоо хоногт Азийн биржүүд дээр түүхий эдүүдийн үнийн өсөлт үргэлжилснээр зэсийн ханш сэргэх хандлагатай байсан. АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар өнгөрөгч долоо хоногийн дунд үеэс түүхий эдийн зах зээлд өсөлт эхэлсэн бөгөөд өсөлтийг Европын төв банкнаас бодлогын хүүгээ бууруулсан болон АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн мэдээ эерэг гарсан нь үргэлжлүүлсэн. Хөрөнгө оруулагчдын хүлээж байсан Хятад улсын гадаад худалдааны мэдээ таамаглаж байснаас эерэг гарсанаар долоо хоногийн дундуур гол металлуудын үнэ өсөлттэй арилжаалагдхад нөлөөлсөн юм. Тус улсын импорт болон экспортын хэмжээ аль аль нь хүлээгдэж байснаас илүү хэмжээгээр өссөн байна. Хятад улсын гадаад худалдаа, Герман улсын аж үйлдвэрлэл мөн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн эерэг мэдээнүүдийн үр дүнд долоо хоногийн эхний өдрүүдэд өсөлттэй байсан зэсийн үнэ долоо хоногий сүүлийн 2 өдөр тогтворжсон нь ам.долларын ханшийн чангаралттай холбоотой байлаа.

Уг нь улаан металлын ханш өнгөрөгч оны эхний улирлын  дундаж үнэ 8305,01  ам.доллар/тн байсан бол энэ оны эхний улиралд 7927,23 ам.доллар/тн болж буурсан. Гэтэл сүүлийн саруудад улам уруудсан үзүүлэлттэй байна. Ойрын хугацаанд зэсийн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Хятад улсын макро эдийн засгийн үзүүлэлт болж байна. Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж байгаа эсэх зэсийн нийлүүлэлтийг гүйцэх эсэх нь одоогоор шууд хэлэхэд эрт байгаа юм.

Түүхий нефтийн ханшийн хувьд өнөөдөр  102.72 ам.доллар байна. Долоо хоногийн дундуур ханш нь буурч арилжаалагдсан нь хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын 4-р сарын 29-өөс 5-р сарын 3-ныг хүртэлх хугацааны түүхий нефтийн нөөц 2 сая баррелиар өснө гэсэн хүлээлтээс үүдэлтэй байлаа. Энэ өдөр лайт төрлийн нефть 90 центээр буурч, 95.23 ам.доллароор “New York Mercantile Exchange”-ийн электрон флатформ дээр арилжаалагдаж байлаа. Харин брент төрлийн түүхий нефть 104.68 ам.доллар хүртэл буурсан хэдий ч энэ өдөр 105.86 ам.долларт хүрч хаагдсан байна. Цаашлаад долоо хоногийн төгсгөлд ам.долларын индекс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд анх удаа 83 нэгжээс дээш гарсан нь таваарын зах зээл унах үндсэн нөхцөл болсон байна. Баасан гаригт лайт төрлийн түүхий нефть 93.82 ам.долларт хүрч буурсан бол брент төрлийн түүхий нефть 2.2 хувиар буурч, 102.19 ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн ОПЕК-ын гишүүн орнууд 3-р сард 30.18 сая баррель түүхий нефть зах зээлд нийлүүлж байсан бол 4-р сард дээрх хэжээ 30.46 болсон нь зах зээлд сөрөг уур амьсгал бүрдүүлсэн байна.

Нүүрсний ханшийн тухайд тогтвортой талдаа байна. Манай өмнөд хөрш БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл “Shanxi”, “Guizhou” зэрэг боомтыг эс тооцвол ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт тогтвортой арилжаалагдсан байна. Тус улсын коксжих нүүрсний үнийн индекс өнгөрсөн долоо хоногт 2.82 хувиар буурч, 459.19 нэгжид хүрсэн байна. Хөрөнгө оруулагч шинжээч нарын үзэж буйгаар тус улсад ойрын ирээдүйд нүүрсний зах зээл сэргэнэ гэсэн хүлээлт байхгүй байна. БНХАУ-н олборлогч нар нүүрсээ дотоодын зах зээлийн хэрэглэгч нарт борлуулж эргэлтийн хөрөнгөө гаргахын тулд зах зээлийн үнээс 50-60 юаниар доогуур өгөх явдал их байна.

Шар алтны ханшийн тухайд  Лондонгийн металлын бирж амралттай байсантай холбоотойгоор долоо хоногийн эхний өдөр хүчтэй өөрчлөлт гараагүй. Мягмар гаригт алтны үнэ нэг орчим хувиар буурсан үзүүлэлтийг харуулсан бөгөөд томоохон алтны арилжааны сангууд нөөцөө бууруулсаар байгаа тухай мэдээ гарсан бол дэлхийд алдартай хөрөнгө оруулагч Жон Полсон алтны хөрөнгө оруулалтаас 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ зарласантай холбон тайлбарласан юм. Дэлхийн хамгийн том алтны арилжааны сан болох “SPDR” 3.6 тонноор нөөц нь буурсан тухай мэдээлсэн байна. Долоо хоногийн дундаас БНХАУ-ын болон Евро бүсийн нөлөө бүхий улс болох Герман улсын эдийн засгийн тоон мэдээнүүд сайн гарсан юм. БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл 18.16 тэрбум ам.доллар гарсан бол Герман улсын үйлдвэрлэлийн салбарын тоон мэдээ хүлээгдэж байсан үр дүнгээс сайн үзүүлэлтийг харууллаа. Азийн металлын зах зээл дээр эрэлт ихэссэн бөгөөд дэлхийд биет алтны хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд болох Энэтхэг, БНХАУ-ын хэрэглээ нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн байна.

Тэгвэл ийм мэдээллүүдийн араас шар металлын ханш өсч нэг унц нь 1,471 ам.долларт хүрсэн. Долоо хоногийн сүүлээр АНУ-ын ажлын байрны мэдээ тэр дундаа шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо сүүлийн 5 жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн талаар мэдээлсэн нь  шар металлын ханш 1.5 хувиар суларч нэг унц нь 1,420 ам.долларт хүрэхэд нөлөөлсөн бөгөөд ам.долларын бусад валютын эсрэг ханш огцом чангарах шалтгаан болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top