Ерөнхий сайд тэргүүтэй нөхдүүд “Монгол 93”-ыг угтан авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

 “Монгол 93” шатахууны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв гээд албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эх орны минь газрын тос шатахуун болон эх нутагтаа эргэн ирж байгаа нь Уул уурхайн сайд болоод тэдний хамт олны нөр их хүч хөдөлмөрийн үр дүн” гэдгийг онцолж байлаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай одоогоос 17 жилийн емнө, 1996 онд Дорнод аймгаас гарсан газрын тосоор дээлээ мялааж байсныг Та бүхэн санаж байгаа. Тэгвэл Монгол Улсад олборлосон газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан, гарсан шатахууныг өнөөдрөөс эхлэн Монголын хэрэглэгчид хэрэглэж эхэллээ. Энэ утгаараа дээрх арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Иймд энэ баялагийг хойч үедээ өвлүүлж үлдээсэн өвөг дээдэс, энэ бизнесийг энэ түвшинд хүргэсэн Өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид, энэ буянтай үйлсэд гар бие оролцсон бүх хүмүүс, ард түмэндээ Шинэчлэлийн Засгийн газар, Уул Уурхайн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

1996 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийж байна. Үүнээс “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Доншен газрын тос” ХХК -иуд газрын тос олборлож нийт 1.8 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, нийт 332.3 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ.

Одоогоор Монгол Улсын газрын тосны нийт баталгаат нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн болж байна. Ийнхүү Монгол Улс газрын тосны нөөцтэй, газрын тос олборлогч орон болсныг тэмдэглэх нь байна.

Энэ монгол тосоор хийсэн шатахууныг “Монгол 93” гэж нэрлэж байна. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхуун /шатахуун /экспортлогч орон болох зорилтыг тавин ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нөөц, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ба, эндээс боломжийн үр дун гарч байгаад сэтгэл тэнүүн байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Монгол Улс зах зээлийн үнээс харьцангуй өндөр хилийн үнээр шатахуунаа худалдан авдаг, бөөн, жижиглэн хамааралгүйгээр татварын хөнгөлөлт олгосон, нөөц хангалттай бус байдалтай байсан. Мөн 2012 оны 10,11,12, 2013 оны 01 сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан ч хилийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирж байлаа.

Энэ тохиолдолд Шинэчлэлийн Засгийн газар бөөний худалдааны шатахууныг татвартай болгох, шатахууны худалдаа эрхлэгчдийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун худалдан авах зардалд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, шатахууны нөөцийг дахин нэмэгдүүлж 60 хоногийн нөөцтэй болгох, шатахуун нийлүүлэгч гадны компаниудын тоог нэмэгдүүлж өрсөлдөөнийг бий болгох, шатахууны импортлох, борлуулах бодлогыг нэгдсэн бодлогоор явуулах эрх зуйн орчинг бүрдүүлэх,олон улсын жишгээр түүхий газрын тосны үнэнд суурилсан зах зээлийн үнээр шатахууныг худалдан авах саналыг шатахууны гол нийлүүлэгчдэд тавьж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээнуудийг амжилттай зохион байгуулж ирсэн.

Эдгээр арга хэмжээний үр дунд шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн оны сүүлчээр литр тутамд 325 төгрөгөөс доошгүйгээр нэмэгдэх байсан бол 100 төгрөг нь дээр зогсоож чадсан юм. Энэ бүхэн бол бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн байлаа.

Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр Дачин-33 нэрээр үнэлэгддэг. Монгол Улс газрын тосны энэ үнэнд суурилан “МГЛ-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа болно. Бид саяхан олон жилийн сайн түнш Роснефть компанид шатахууны үнийг тогтоодог энэ аргачлалыг санал болгосноор харилцагч маань хүлээн зөвшөөрч 5 сарын шатахууны хилийн үнэ төрлөөсөө хамаарч 150-260 ам.доллароор буурлаа. Энэ ажлын үр дүнд энэ 6 сард бид шатахууны жижиглэнгийн үнийг 50 орчим төгрөгөөр бууруулах боломжтой болж байна.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс минь үлдээсэн буян заяа их байна. Энэ буян заяаг ямар түвшинд авч явах нь зөвхөн Та бидний сэтгэл, хичээл зүтгэл, бүтээлч хамтын ажиллагаанаас хамаарах нь мэдээж юм.

Эцэст нь Бид өөрийн хэрэглээний шатахууныг эх орондоо үйлдвэрлэх, улмаар шатахууны экспортлогч орон болох зорилт хурдан биелэх болтугай, гэж байлаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top