Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс судалгааны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд хот, хөдөөд ядуурал тогтвортой буурч байгаа хэдий ч нийт хүн амын 27.4 хувь нь ядуу амьдарсан хэвээр байгааг мартаж болохгүй гэж байна.
Тодотгоход, Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран Монгол Улсын хүн амын 2012 оны ядуурлын түвшинг тооцоод байгаа юм. ҮСХ хүн амын амьжиргааны байдал, ядуурлын түвшинг үндэсний хэмжээний томоохон судалгааны нэг болох Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн улс, бүс нутаг, суурьшлаар тооцон тодорхойлж байна. Сүүлийн жилүүдэд ҮСХ, ДБ-тай статистикийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүн амын амьжиргаа, ядуурлын үзүүлэлтийг тооцох арга зүйг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллаж, хүн амын амьжиргаанд гарч буй өөрчлөлт, хандлагыг тодорхойлох боломжийг ханган тодорхой нэг оныг суурь болгосон тооцооллыг хийсэн нь аргачлал, арга зүйн хувьд дэвшилттэй болсон байна. ҮСХ, ДБ-ны хамтарсан тооцоогоор 2012 онд ядуурлын хамралтын хувь улсын дунджаар 27.4, хотод 23.2, хөдөөд 35.5 болж өмнөх онуудаасаа буурсан үзүүлэлттэй байна...
Олон улсын статистикийн практикт улс орнууд хүн ам, орон сууцны тооллогын үр дүндээ үндэслэн түүвэр судалгааныхаа хүрээг шинэчилдэг. Энэ практикийн дагуу ҮСХ Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн ӨНЭЗС-ны түүврийн хүрээг шинэчилж тооцсон. Мөн монгол орны нүүдлийн соёл иргэншлийн онцлог шинж болох аргал, хөрзөн, мод, түлээгээ бэлтгэн төлбөргүйгээр хэрэглэдэг зэрэг бодит байдлыг тусгаж, өрхийн хэрэглээнд голч үнийг ашиглан үнэлж оруулжээ. Олон улсын практикт хүн амын амьжиргаа, ядуурлын тооцооны аргачлал, арга зүйг тухайн улс орны онцлог шинж байдлыг тусган тодорхой хугацаанд шинэчлэн, сайжруулж байхыг чухалчилдаг. Энэ зарчмаар ДБ, ҮСХ-ны баг урт хугацаанд хамтран ажилласны дүнд Монгол Улсын 2010, 2011, 2012 оны ядуурлын тооцооллын арга зүйг сайжруулсан гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс цохон тэмдэглээд цаашид ч бид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэлээ.
Тэрээр Монгол Улсын төр засгийн зүгээс ч тэр бусад олон улсын байгууллагуудын зүгээс ч тэр ядуурлыг бууруулахын төлөө тууштай чармайж ажиллах шаардлага байсаар байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )