Энэтхэг Улсын Дели хотноо зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банкны Жилийн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас ойрын 3-4 жилийн хугацаанд нийт 5 хүртэлх тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээл дээр арилжаалах төлөвлөгөөтэй холбогдуулан гадаадын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Засгийн газрын бонд гаргахад хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.
Тухайлбал, Барклейз Банкинг Групп, ING, Мицуби Ю-Эф-Жэй үнэт цаасны компани, Номура зэрэг байгууллагууд Засгийн газрын бондыг арилжаалахад андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх өөрсдийн саналыг танилцуулав. Японы үнэт цаасны арилжааны компаниудын хувьд ЖБИК-ийн баталгаат Самурай бондыг түлхүү санал болгож байгаа бөгөөд Японы санхүүгийн зах зээл дээрээс бага хүүтэй хөрөнгийг иен болон ам.доллараар босгох давуу талтай юм.
Тус жилийн уулзалтад оролцсон Сангийн сайд Ч.Улааны хувьд өнгөрсөн оны сүүлээр босгосон 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг Засгийн газраар баталж, хэрэгжилтийг эхлүүлээд байгаа бөгөөд төслүүдийн хэрэгжилт, үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж буйгаа мэдэгджээ. Засгийн газрын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд, эхний ээлжийн төсүүдийн хэрэгжилт болон цаашид гарах эх үүсвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэж, дараагийн ээлжийн бондын арилжааг 2014 оны эхээр хийх төсөөлөл байгаа ба арилжаанд оролцох асуудлаар Сангийн яамнаас гадна Засгийн газрын холбогдох бусад яамд, байгууллагуудтай уулзаж, тодорхой саналаа тавихыг зөвлөсөн байна.
Түүнээс гадна Сангийн сайд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахыг уриаллаа. ING компанийн хувьд дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагад сургалт зохион байгуулж хамтран ажиллаж байгаа бөгөөд дотоодын зах зээл дээр борлуулж буй Засгийн газрын бондын арилжаанд Хаан банкаар дамжуулан оролцож буйгаа мэдэгджээ. Уулзалтын дараагаар зохион байгуулагдсан Засгийн газрын үнэт цаасны арилжаанд ING компани бие даан оролцож 15 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авсан нь Засгийн газрын үнэт цаасны дотоодын арилжаанд оролцсон гадаадын анхны банк санхүүгийн байгууллага болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )