Монгол Улс олон улсын зах зээл дээр өөрийн мөнгөн тэмдэгтээр үнэт цаас гаргах асуудлаар манай Сангийн сайд Ч.Улаан, АХБ-ны Санхүү,эрсдлийн удирдлагын асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Терри Лонгемартай санал солилцжээ.
АХБ-ны гишүүн орнууд, тухайлбал Япон, Хятад, Тайланд, Индонези зэрэг орнууд олон улсын санхүүгийн зах зээл дээр өөрийн мөнгөн тэмдэгтээр үнэт цаас босгох ажлыг АХБ-наас дэмжиж, амжилттай хэрэгжүүлж чадсан.
Монгол Улсын хувьд олон улсын зах зээл дээр төгрөгөөр бонд гаргах нь Монгол Улсын талаар гадаад хөрөнгө оруулагчдад илүү таниулах, өөрийн мөнгөн тэмдэгтээр үнэт цаас гаргах суурийг бий болгохоос гадна ханшийг эрсдлийг хөрөнгө оруулагчдад үүрүүлэх ач холбогдолтой юм. Мөн төгрөгийн бондыг гадаад зах зээл дээр таниулсанаар гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын үнэт цаасны зах зээлд илүү идэвхитэй оролцох эрэлтийг бий болгох юм.
Сангийн сайдын зүгээс Монгол Улс олон улсын зах зээл дээр өөрийн валютаар үнэт цаас гаргах асуудлыг судалж эхлэх нь зүйтэй гэж тэмдэглээд энэ асуудлаар АХБ-тай үргэлжүүлэн зөвлөлдөж, хууль эрх зүйн орчны зохицуулалт, зах зээлийн урьдчилсан судалгаа, цаашид авах алхамуудын талаар нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй гэв. АХБ-ны Дэд ерөнхийлөгч, Сангийн газрын захирал болон холбогдох мэргэжлийн хүмүүс 6-7 сард Улаанбаатарт ирж Засгийн газрын холбогдох яамд, байгууллагатай уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )