БНХАУ-ын Сангийн дэд сайд Жу Гуанг Яо манай улсын Сангийн сайд нар Делид уулзалджээ. Тэд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, авто болон төмөр замын сүлжээг хөгжүүлэх төслүүдийг бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэж хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой болохыг БНХАУ-ын Сангийн дэд сайд дурджээ.
Монгол Улсын Сангийн сайдын зүгээс хоёр улсын Сангийн яамд болон харъяа байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох хөтөлбөртэй болох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Мөн хоёр улсын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжиж байгааг өндөрөөр үнэлээд, цаашид импорт, экспортын мэдээлэл, гаалийн үнэлгээний талаар мэдээллийг тогтмол солилцож байх механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар дурджээ.
Мөн БНХАУ-ын Сангийн сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг баталгаажуулж, айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг БНХАУ-ын Сангийн дэд сайдаас хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )