УИХ-ын хэлгүйчүүдэд: Ядаж Ц.Шинэбаяр шиг танигдаад ”үхээч” !!!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Улсын Их Хурал бол уг нь төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Энд сонгогдогсод ямар нэгэн сургууль дамжаанд сууж байгаа хүмүүс биш. Төрийн бодлогыг шүүн хэлэлцэж, хуулиар зохицуулж суудаг улс төрчид. Гэвч тэдний заримыг нь улс төрч гэхэд тун хэцүү болоод байна. Зарим нь юу ч дуугардаггүй. Спикерээс “команд” өгөхөөр гэнэт цочоод кнопоо дарахаас өөр ажилгүй тэднийг “памперстай” улс төрчид гэж их оноож нэрлэжээ. Юу ч мэдэхгүй хүн бусдаас юу ч асууж, бусдад юу ч хэлж зөвлөж чаддаггүй гэдэг. Хэлгүй юм шиг суугаа тэдгээр эрхмүүдийг юу ч мэддэггүйчүүд гэвэл уцаарлах байх. Гэхдээ бүтэн гурван жилийн хавар, намрын чуулганы  хуралдааны турш тэг минут ярьсан хүмүүсийг яалтай билээ. Одоо хаврын чуулган дээр ч тэд урьдын адил хэлгүй хэвээрээ байна. Энд зөвхөн өнгөрсөн намрын чуулганаар хэлгүй хэвээр байсан гишүүдийг нэрлэе. Хан-Уул дүүргийн засаг дарга асан Д.Загджав, сумоч Д.Батбаяр, Монгол шуудан банкны захирлаар ажиллаж байсан Даш.Зоригт, “Монгол тамхи Со” компанийн захирал Ц.Дашдорж, Баян-Өлгийн Х.Жекей, А.Тлейхан, Д.Баделхан, “Монросцветмет” нэгдлийн захирал асан Х.Бадамсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болж томорч явсан Наранхүү гээд олон хүн хэлд орсонгүй. Хааяа ганц нэг үг хэлэхдээ ээрч түгдчин төрийн бодлогод хамаатай гэхээсээ илүү хов живийн чанартай, амьтан хүнийг хатгаж, яс хаясан шинжтэй юм ярьдаг. Арвин гишүүн бас тэдний эгнээнд жагсах байх. Түүний хувьд нөгөөдүүлээ бодвол хэлтэй нь ч хэлтэй юм шиг байна лээ. Бүтэлгүй үг бурж хүмүүсийн дургүйг хүргэдгээс биш. Заримдаа овоо шударга царайлахыг нь яана. Үнэндээ шударга хүн гэхэд тун хэцүү. Хэнтийчүүд  түүнийг мэдэх байх. 2008 оны сонгуулиар сонгогчдын саналыг бөөний үнээр худалдаж аваад УИХ-д орж ирсэн баримтыг нь зарим ухаалаг иргэд нямбайлан хадгалж байгаа гэсэн. Үүндээ санаа нь зовоод УИХ-д үгээ олигтой хэлж чаддаггүй байлгүй дээ. Д.Загджав тэр жил Оросын Төрийн думын дарга С.Мироновыг Монголд ирэхэд их л найзархаж, аваа өгөө тохиролцон зочид буудалд тухлахыг хараад хүмүүс “Энэ чинь ярьдаг л юм байна шүү дээ” гэж байсан санагдана. Бусад хэлгүйчүүд нь ч энд тэнд булан тохой бараадаж, баар сав хэсээд явахаараа хэлтэй болчихдог гэсэн. Сонин байгаа биз. Тэгэхээр нэгэнт дараагийн сонгууль ойртож байгаа учраас эдгээр хэлгүй хүмүүсээс салахын тулд одооноос сайтар нүдэлж, тогтоож авах хэрэгтэй болов уу. Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэдэг. Сонгогчид маань цагаа тулахаар мартаж магадгүй. Хэлгүйчүүдийн хийдэг ажил нь ихэвчлэн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанууд дээр сонин гарчиглана. Заримдаа том гэгч нь эвшээж байгаад сэм сэмхэн зүүд нойронд умбахаа шахан дохилзож сууна. Манай ард түмэн тийм дүүрчихсэн мулгуу улс биш. Тэд хаврын чуулган дээр өнөөх хэлгүй нөхөр маань ядаж ганц ч атугай юм ярих болов уу гээд телевизээр цоо ширтэж байгаа даа. Даанч нөгөөдүүл нь бахь байдгаараа дүлий дүмбэ оргиод сууж л байна. Харин хоёр жил яг тэдэнтэй адил дуугүй явсан Ц.Шинэбаяр гишүүн гэнэт хэлд орлоо. Хүн  зорилготой болоод зоригжоод ирэхээрээ хэлд орсон шиг ордог юм гээч хөөе. Энэ хэдэн хэлгүй гишүүд маань Ц.Шинэбаяр шиг  хэлд орох гээд хүлээгээд суугаа юм болов уу. Ингэж хэлд орохдоо нийт монголчууддаа хэзээний танил, хамгийн ойр дотнын хүн нь болж чаддаг ажээ. Дараагийн сонгуулиар хэлгүйчүүдийг ард түмэн шууд гудамжинд хаяж таараа. Харин Ц.Шинэбаярыг арай өөрөөр хүлээж авах байх. Тиймээс улс төрчийн хувьд гунигтайгаар "үхэж" байгаа тэдгээр хүмүүст хандаж “Ядаж Ц.Шинэбаяр шиг үхээч”  гэж зөвлөмөөр байгаа юм.

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top