Алдартнуудтай хамт ном уншаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

"Сүүлийн үеийн залуучууд ном уншихаа больсон" гэх шүүмжлэлд залуус нэлээдгүй өртдөг. Цахим ертөнцөд ихэнх цагаа зарцуулж, ном унших нь багассан нь ч  үнэн. Тэгвэл Монголын Үндэсний төв номын сангаас улирал бүр “Уншигч алдартнуудын уулзалт”-ыг зохион байгуулахаар болжээ. Уг уулзалтын зорилго нь олны танил, нэр хүндтэй хүмүүсийг урьж, хүүхэд насны дурсамж, ном уншихын ач холбогдлын талаар яриулснаар уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилготой аж. Анхны уулзалтын зочноор гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар уригджээ. Орчин үед хүүхэд, залуус цахим ертөнцөд ихэнх цагаа зарцуулж, ном унших нь багассан. Цахим ертөнцөөс хүссэн мэдээллээ олж болох ч номоос авдаг мэдрэмжийг төдийлөн өгөхгүй. Тэр дундаа уран зохиолын ном хүүхдийг зөв төлөвшүүлэх, хүмүүжүүлэх ач холбогдолтой талаар тэд ярьжээ.  Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний төв номын сантай хамтран “Ардын элч” явуулын номын сан ажиллуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн зохиолч Д.Батжаргал, Д.Оюунчимэг нар өнгөрсөн долоо хоногт бүтээлийн дээжээсээ хандивласан байна. Харин “Уншигч алдартнуудын уулзалт”-ын дараагийн зочин хэн байх бол гэж уншигч та сонирхож байгаа бол nationallibrary.mn сайтаар зочлоорой. Залуус аа! "Ном ертөнцийг харах цонх" гэсэн үгийг санаж номын ертөнцөөр аялцгаая!

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top