Баярхүүгийн Ичинхорлоо
Гэгээн зүг, Хязгаарт хүрэхүй зэрэг яруу найргийн олон номоороо уншигч түмний танил болсон, “Болор цом” тэмцээний хошой шагналт, МЗЭ-ийн шагналт Б.Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 1972 онд төржээ. УБИС-ийг 1995 онд зохиолч, уран зохиолын судлаач мэргэжлээр төгссөн. 1990-ээд оны яруу найргийн мөнгөн үеийнхний шилдэг яруу найрагчийн нэг Ичинхорлоо АНУ-д ажиллаж амьдарч байна. Авьяаслаг шүлэгчийн хоёр найргийг та таалан болгооно уу.
Сүндэръяа
Сүмбэр харын ууланд нь
Сүүмгэр манан бууна
Сүүдэр унасан тал нь
Сүндэрьяагийн нутаг аа
Бул харын ууланд нь
Будангийн сэжүүр ороолдоно
Бусдын заяатай Сүндэръяа
Булгийн тархинд дуулна
Уйлан хайлан эргэсээр
Намрын шувууд буцна
Унтан сэрэн зүүдэлсээр
Сүндэръяагаа бодно
Жил сарын уртад
Бодлын үзүүр элэгдэнэ
Жимст нутгийн Сүндэръяагаа үхэж л нэг мартана
Сүнжидмаа
Хархан үсэнд чинь буусан хярууг би үзсэнгүй
Хаалгыг чинь мөргөөд буцсан харчуудыг би тоолсонгүй
Алаг нүднээсээ асгасан нулимсыг чинь би арчсангүй
Альхан газрын диваажинд дуулж сууна даа, Сүнжидмаа
Ханилж чадах байсан гэж эрчүүлд би итгэсэнгүй
Хайрлаж өмгөөлөх байсан гэж өөртөө би найдсангүй
Хээрийн чөлөөт салхи шиг
Дураараа явсанд чинь эргэлзсэнгүй
Хэц дээр хоносон сар шиг
Ганцаардсан гэдэгт чинь гайхсангүй
Сүү нь байхад ээдэм нь байдаг орчлонд
Сүнжидмаагийн зүрхэнд сүүдэр хургаж буцаж дээ
Дэндүү сайхан бүсгүйн сүнс нь хаана явна вэ
Дээлийн энгэрт унасан өнчин дусал шиг Сүнжидмаа
Сэтгэгдэл ( 0 )