Танин мэдэхүй: Шоргоолж “гимнастик” хийдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Загасыг усны амьтан гэдэг. Усгүй бол хэдхэн хоромд үхнэ. Гэтэл гайхамшигт ертөнцөд хачин юм их байдаг аж. Халуун бүсийн ой модон дээр загас байдаг гэнэ. Өмнийн Ява арал элдэв янзын амьтнаараа алдартай. Тэндээ эргийн ширэнгэ ойд, бас халуун бүсийн зарим оронд бүлтгэр нүдэт үсэрдэг загас байдаг. Тэд маш шалмаг, уян, сонин хөдөлгөөнтэй тул агаарт байгаа амьтан руу үсэрч хооллох явдал ч бий. Дээр өгүүлсэн газраар мөлхдөг загасыг анабас гэх бөгөөд тэр мөлхөж байснаа өндөр модны оройд гарна, ан хийнэ, буцаад ус руу орно. Загас гэхэд хачирхалтай.

Одоо этгээд хачин муурны тухай өгүүлье. Муур боьл усанд маш дургүй амьтан, түүнийг хүмүүс сайн мэддэг. Гэтэл усанд өөд уруугүй сайн сэлдэг муур байдаг гэнэ. Туркийн Вам гэдэг нуурын эргээр цагаан зүстэй ийм нэгэн төрлийн муур амьдардаг агаад тэр муур усанд хэдэн цагаар сэлж, загас зооглоно. Явдалдаа ядрахаараа, бас наранд халсан усанд олон цаг сэлсэн болохоор нойр нь хүрч, хаа нэгтээ жижигхэн тохойд усан дээр унтчихна, сайхан амралт болдог биз.

Хүмүүс дуу чимээнд унтах дургүй, тэгэхээр хүн чихээ тагладаг, чимээ багасгаж буй хэрэг юм. Биднийг бас “дуурайгчид” байна. Нисдэг хулгана гэгддэг сарьсан багваахай, уутат дорго зэрэг амьтад унтахдаа чихнийхээ дэлбээг нугалж, эсвэл хумьж унтана. Чимээ шуугианыг дарж, тайван нойрсож буй нь тэр. Амьтдын дотроос зарим нь сүүлээ дэрлээд дугжирчихна. Мөн панда буюу зэгсний баавгай, шоргоолж идэштнүүд  сүүлээ толгой доороо дэвсэн унтана. Заримдаа сүүлээрээ хучиж, хөнжил болгоно. Харин урт хүзүүтэй анааш яаж “давсанд” явдаг бол, тэр их урт хүзүүг яадаг вэ. Толгойгоо арагш ягнайлгаад хондлойдоо тулгаад л болох нь тэр. Далайн гахай /дельфин/ бол явж байхдаа ердөө хагас минут унтаад л нойроо авч, цовоо болчихно. Нойрыг бол амсах төдий амьтан. Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар шоргоолж нь жаахан хонхрыг сонгож олоод хөлөө биедээ наан хэвтээд өгнө. Гурван цаг орчим унтаад сэрдэг аж. Сэрээд яг л хүн шиг аашилна. Суниаж, амаа ангайн эвшээнэ. Зургаан хөлөө тэнийлгэж, “гимнастик” хийнэ.

Э.Хархүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зулаа(202.126.91.159) 2013 оны 12 сарын 05

маш гоё юм байна мийний хайсан зүйл мөн байна

0  |  0
Top