Таван толгойн тендерийн ялагчид ирэх сард тодорно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Тавдугаар сар болоход хэдхэн хоног үлдлээ. Ирэх сард Монголын эдийн засагт  биднийг юу хүлээж байна вэ? Тоймлон хүргэе.

Ирэх тавдугаар сард Таван толгой төслийн хүрээнд өрнөж буй Цанхийн баруун, зүүн хэсэгт  зарласан тендерийн ялагчид тодрох бололтой. Өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ”-ээс Таван толгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарласан.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Таван Толгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөөх нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, кон­сорциумыг шалгаруулах тендер. Дараа сард коксжих нүүрснийхээ чанараар олны шуналыг хөдөлгөөд байгаа Таван толгойн Цанхийн баруун хэсэгт хаанахын ямар компани өөрийнхөө хөрөнгөөр олборлолт явуулах, борлуулалтаа хийх эрхтэй болох нь шийдэгдэх юм.  Мөн  тавдугаар сарын прогнозод Засгийн газар болон “Хан ресурс”-ийн маргаан тусгагджээ.  Дорнодын ордод үйл ажиллагаа явуулах лицензээ Засгийн газарт хууль бусаар хураалгасан хэмээн үзсэн “Хан ресурс”-ийнхан олон улсын шүүхэд хандан гомдол гаргасан. Тус компани Монгол Улсын Засгийн газар болон “Мон-Атом” компаниас 200 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа бөгөөд энэ хэргээс болж ОХУ, Монголын хамтарсан “Дорнод Уран” компанитай байгуулах  гэрээ хүчингүйдэхэд хүрээд буй. Дээрх хэрэгтэй холбоотой арбитрын шүүх хурал ирэх тавдугаар сарын эхээр болох гэнэ. Хаврын тариалалтын  ажил тавдугаар сарын 10-наас эхэлнэ. Улаан буудайн тариалалтыг тавдугаар сарын 10-20-нд, үрийн тариалалтыг тавдугаар сарын 15-18-ны хооронд хийх гэнэ. Энэ онд улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа , түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариалахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөөд байгаа аж. Урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд дотоодынхоо хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангах бололтой.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top