Сэрэмжлүүлэг: Цасан ба шороон шуургатай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Ус, цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр энэ сарын сүүлээр зарим газраар хур тунадастай, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орох аж. Салхины хурд  27-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 28-29-нд ихэнх нутгаар, харин 30-ны өдөр нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед түр зуур 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах нь. Мөн 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Сарын сүүлээр ийнхүү цасан болон шороон шуурга шуурч, зарим газраар салхины хурд секундэд 24 метр хүртэл ширүүсэх төлөв ажиглагдаж байгаа тул малчид, иргэдийг салхи, шуурганы үеэр холын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээрлүүлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top