Казиночин Т.Бадамжунай Атрын аянаас “алт” шүүрч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


Т.Бадамжунай их юм хийж байгаа гэнэ. Өөртөө ч, өрөөл бусдад ч их ажил амжуулж байна. Хотын ерөнхий менежерээр ажиллаж байснаасаа хавьгүй илүү хөлжиж байгаа бололтой. Хэзээний л суусан газраасаа “мөнгө” атгаад босдог болохоор арга ч үгүй биз. Шадар сайд М.Энхболдтой зүүний үзүүр оромгүй бат нягт наалдаж явсаар хөрөнгөжсөн түүний хувьд Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас горьдох юм цаашдаа бараг байхгүй болж байх шиг байна. Сайдын сэнтийд гурван жил залрахдаа яаж зүгээр байхав. Авдгаа аваад л байж. Ханах цадах гэж байдаг бол одоо болоо байлгүй. Сумогийн их аварга Дагвадоржийг зодог тайлах үеэр овоо хэдэн юм өвөртөлж очоод бэлэг барьж бэл бэнчингээ гайхуулж л байсан. Төрөөс мөнгө сааж тэрбумтны жагсаалтын тэргүүн эгнээнд биш юмаа гэхэд сүүл мушгихгүйг тэр хичээж яваа гэнэ лээ. Тиймдээ ч Солонгосын казинод очиж өөрийн мөнгөөр нэг бус удаа тоглоод алдсанаа нуугаагүй юм. 2004 оны 11 дүгээр сарын 27-ноос 2007 оны 2 дугаар сарын 12-ны хооронд Солонгосын казинод тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө гөвчихсөн гашуун түүхээ хааяа дурсаж суудаг юм билээ. Тухайн үед түүний гадаад паспорт Д-00 00 473 дугаартай байсан санагдана. Баттай баримт болох үүднээс үүнийг хэлээд байгаа хэрэг л дээ. Түүнтэй хамт УИХ-ын  гишүүн О.Чулуунбат, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар тоглоод бас л их хэмжээний мөнгөө алдсан. Мөнгө хожсон хүн тэдний дунд байгаагүй. Гэхдээ хэн нь ч алдсан мөнгөнийхөө араас харуусаагүй. Т.Бадамжунай бүр ч харамсаагүй. Ийм гүндүүгүй  сайхан дүр төрх гаргасан нь түүний “имиж”-ийг улам өсгөсөн болов уу. Хотойхгүй баян гэдгээ ийм үед л харуулахгүй юм бол хөрөнгө мөнгө цуглуулахын хэрэг юу байхав. Казиночдын тухай нэхэн өгүүлэхийн учир гэвэл энэ "мужикаас" үе, үе хүн чанаргүй үйлдэл олон гараад байдаг боллоо.

Тэр жил эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл ангиар аавын хаалган дээр тулж очоод байлаа. Нийслэлийн 10 дугаар хороолол дахь спорт цогцолборын барилгыг Л.Оюундэлгэр, Н.Оюунчимэг нарт өгөхөөр тендерийн материалыг нь аваад “Та хоёрт найдлага байгаа. Тиймээс манай намын Голомт банкны дансанд 450 сая төгрөг хоёулаа нийлээд хийчих” гэжээ. Нөгөө хоёр эмэгтэй ч ум хумгүй мөнгөө хуваагаад хийчихсэн байна. Сүүлдээ мөнгө, Спорт цогцолбор аль аль нь сураггүй болжээ. Үүнээс үүдэн авлигын хэрэг мандав. Гэм зэмгүй Н.Оюунчимэгийгээ Т.Бадамжунай, Д.Оюундэлгэр хоёр нь мурьж хаяад намынх нь нэрээр авлига өгсөн мэтээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэн сүйд хийхээ шахжээ. Харин Спорт цогцолборыг дээрх 450 сая төгрөг намын дансанд орсны маргааш нь л Т.Бадамжунайгийн үгээр хотын захирагч асан М.Энхболд шийдвэрээ гарган Д.Оюундэлгэрт эзэмшүүлэхээр болсон байлаа. Спорт цогцолбортой хамааралтайгаар хэзээ хойно үүссэн авлига, албан тушаалын хэргийг Н.Оюунчимэг гэдэг мөрөөрөө явсан тэр эмэгтэйд тохох ямар ч үндэслэл байгаагүй юм гэдэг. Т.Бадамжунай л ийм хор найруулсан байв. Ингээд тэр хоёр бүсгүйгээр намдаа хандив өргүүлсөн мөнгөнийхөө хэргийг цагдаа нартай найрч хаалгасан гэдэг. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболд үүнийг сайн мэдэж байгаа. Цагдаагийнхан хэргийг шалгаж байхад Т.Бадамжунай нэг удаа М.Ганболдын өрөөнд улаан галзуу амьтан давхиж ороод заамдаж аван дөвчигнөсөн гэдэг яриа ч бий. М.Ганболдын дэргэд бол тэр “бөөс” шиг амьтан шүү дээ. Бухимдал, бардамнал хоёр холилдохоороо бие жижигхэн нь хамаагүй болдог бололтой. Бяцхан хууч дэлгэхэд нэг иймэрхүү. Одоо тэгвэл Т.Бадамжунай атар газар эзэмшээд завгүй, хөлгүй яваа ажээ. Сайдын суудлын хаялга түүнд тун зохиж байгаа юм байна. Тэр Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай болжээ. Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбай авсан гэнэ. Атрын аяны өгөөжөөр мань хүн тэдгээр талбайдаа тариалалт хийж, тусламжийн үр, зээлийн техникээр зун намрын их ажлаа нугалан “Алт” шүүрч байна. Дэргэд нь Сэлэнгийн тариаланчид зээл аваад ч нэмэр алга. Т.Бадамжунайгийн тариалангийн талбайгаас бусад талбайд тариалалт хийсэн компаниуд нэмэгдсэн өртгийн албан татвартаа дарагдаад босч чадахгүй байна. Эрхэм сайд анх тэднийг татвараас чөлөөлнө  гээд сүүлдээ хулхинд нь цэцэг зүүгээд өгчихсөн юм байх. Өөрийнх нь компани татваргүй, бусад нь татвартай байдаг гажиг ёс журмаа өнөө намар өөрчлөхгүй бололтой. Т.Бадамжунай ёстой жудаггүй эр гэж үнэн ч юмуу.        


Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top