-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг М. Баатархуяг гэдэг. “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
- “Гал үндэстэн” холбооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Манай “Гал Үндэстэн” холбоог 2010 онд Гол нууруудын нэгдсэн холбоо болон бусад есөн холбоо хөдөлгөөнүүд нэгдэж байгуулсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Бид 2010 оны 7-р сарын 16-нд Монгол улсын засгийн газар тарах ёстой гэсэн таван зүйл бүхий шаардлагыг хүргүүлж байсан. Мөн “Эх орны дуудлага” нэртэй үйл ажиллагаа зохион байгууллаа. түүнчлэн “Гал үндэстний дуудлага” нэртэй аяныг өрнүүлж баруун таван аймгийнхаа түмэн олны саналыг сонсоод ирлээ. Тэд “Монголын төр засаг буух ёстой”, Монголын эв нэгдлийг бутаргаж байгаа зүйл нь нам гэдэг дээр санал нэгдэж байсан. Энэ мэт хийсэн зүйл бидэнд бий.
-Та бүхний явуулж буй энэхүү жагсаалын гол зорилго нь яг юундаа байна вэ?
-Бид бүх ард түмний санал асуулгаар их хуралдайгаа хуралдуулж байна. Мөн Нийслэлийнхээ төв талбайд Монгол ёсоороо хүрэлцэн ирж, найман гэр барин иргэдийнхээ санаа бодлыг сонсч байна. Бидний гол зорилго бол хойч үедээ үлдээх юмтай байхын тулд жагсаж байна. Нөгөөтэйгүүр Монгол орныхоо язгуур эрх ашгийн төлөө тэмцэхэд бидний гол зорилго оршиж байгаа.
-Энэ асуудалтай холбоотойгоор төрийн эрх бүхий байгууллагад хэдэн удаа хандав?
-Бид удаа дараа албан бичиг явуулсан ч хариу одоог хүртэл байхгүй байна. Бид юм хийдэггүй хүмүүс байснаас чадвартай хүмүүст ажлаа өгсөн нь дээр гэдгийг эрх баригчидад хэлсэн.
-Жагсаал хэзээ хүртэл үргэлжлэх вэ?
-Хугацаа бол тодорхойгүй. Бидний өвөг дээдэс хэзээ ч цаг хугацаанд баригдаж тэмцлээ зогсоож байгаагүй. Тиймээс бидний хийх ажил тодорхой учраас дээрээс албан хариу ирэх хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ.
-Хамтарч оролцож байгаа байгууллагуудынхаа талаар?
-Энэ жагсаалыг үндсэндээ “Гал үндэстэн” холбоо зохион байгуулж байгаа. Гэвч Амлалт нэхэх ард түмний холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагууд ямар ч хамтран ажиллах санал тавилгүй хүсэл нэгтэй гэдэг утгаараа орж ирсэн. Яг одоо бол энэ зассан индэр дээр манай холбоо биш бусад холбоод үйл ажиллагаа явуулж байна. Бид төрийг нам удирдах бус хүн удирдах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа.
-Тэгэхээр танай холбоо бусад холбоодод хамран ажиллах санал, мөн нөгөө холбоо хөдөлгөөнийхөн танайд хамтран ажиллах санал тавиагүй гэсэн үг үү?
-Тийм.
-Гадуур танай холбоог жагсаал хийх нэрээр нам байгуулах ажил хийж байна гэж яригдаж байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл огт байхгүй. Бид өөрсдөө намгүй улс болно гэж гэж хэлчихээд тэгж ярих нь учир дутагдалтай. Магадгүй өөрсдийнх нь хийсэн хэрэг дэлгэгдэх вий гэж бодсон хэн нэгний явуулга байх.
-Тэгвэл иргэдээр бөглүүлж байгаа анкет ямар учиртай вэ?
-Тэр бол иргэдийгээ зохион байгуулалтанд оруулахын тулд хийж байгаа ажил. Түүнээс биш нам байгуулах гэж яриад байгаа тэр зүйлтэй холбоогүй. Нам ч байгуулахгүй.
-Хөдөө орон нутгаас төлөөлөгчид ирсэн байна. Тэдний байр сууц, хоол ундны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Яг одоо талбай дээр байгаа найман гэрт 100 орчим хүн байна. Тэдний 50 орчим хувь нь хөдөөнөөс ирсэн хүмүүс, үлдсэн нь хотын дэмжигчид байгаа. Хотынхон бол гэрээсээ гарахдаа хоол ундаа идэж уугаад, зарим үед энд авч ирэн хооллож байгаа. Харин хөдөөнөөс ирсэн хүмүүст тодорхой нэг газартай гэрээ хийн хоол унд авчруулах арга хэмжээ авсан. Хандивын хайрцагт цугларсан түмэн олныхоо мөнгөөр зардлаа нөхдөг.
-Саяхан танай моринуудад дайруулж хүн бэртсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Уржигдар манай морьтой хүмүүс Баянзүрхийн товчоогоор гарсан. Тэр үед өөдөөс нь машин хурдтай ирж байхад нь морьтой хүнийг шүргэж унагасан гэсэн. Түүнээс өөр хүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй.
-Яагаад заавал жагсаал цуглаан хийгээд яваад байдаг юм бол гэж бодох хүмүүс нийгэмд байгаа. Таны хувьд яагаад заавал энэ замыг сонгосон бэ?
-Сайхан амьдраад явж болдог бол амьдармаар байна. Даанч тийм боломж алга. Ирээдүй харанхуй байна шүү дээ. Сэтгэл зүрх минь намайг энэ ажилд дуудсан юм.
-Холбооны зүгээс дараагийн авах арга хэмжээгээ төлөвлөсөн үү?
-Бидний ажил тодорхой болохоор юу хийх нь ойлгомжтой. Жагсаалаа албан ёсны хариу иртэл үргэлжлүүлнэ.
Бидний яриа ийнхүү өндөрлөлөө. Миний санал тавьсны дагуу иргэдээр бөглүүлж байгаа анкетийг тэрээр үзүүлсэн юм.
Анкетанд ургийн овог, овог нэр, нас хүйс, үндсэн хаяг, одоо байгаа хяг, мэргэжил, холбоо барих утас, регистрийн дугаар, и мэйл хаяг, гишүүнчлэлийн үнэмлэх, Гал үндэстэн холбоонд хандах таны санаа бодол, мэдээллийн үнэн зөвийг нотолсон гарын үсэг, огноо зэргийг багтаажээ. Тэрээр энэхүү анкетийг бөглөсөн хүнд гишүүнчлэлийн үнэмлэх олгож байгаа аж. Мөн ярилцагч маань"Миний ярилцлагыг алдаагүй, зөв буулгана шүү. Мушгин гуйвуулбал би яаж ч магадгүй шүү" гэж жижигхэн айлгалт хийснээр бидний уулзалт өндөрлөлөө.
Б.Даваахүү.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )