Ерөнхийлөгч “Архигүй Монгол” хэмээн уриалж, баяр ёслолын үеэр ч сүү өргөх болсон. Энэ уриалгыг Сонгинохайрхан дүүргийнхэн дэмжиж, сүү тулган шоуджээ. “Архигүй амьдралын гэрэл гэгээ” гэсэн сүржин нэртэй энэ үдэшлэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн 22 цагаас бямба гарагийн 03.00 цаг хүртэл үргэлжилсэн төдийгүй хамтлаг, дуучид ч ая дуугаа өргөж, их л доргио байсан гэнэ. Сонгинохайрхныхан сүү тулган наргих үйл ажиллагааг зохион байгуулах болсон шалтгаанаа “Оюутан залуус, өсвөр үеийнхнийг архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хандлагыг өөрчлөх зорилготой” хэмээн тайлбарлаж байлаа. Сүү таргаар найрласан өвөрмөц үйл ажиллагаанд 190 гаруй оюутан залуус хамрагдаж, тэднийг “Сүү” ХХК, “Мон сүү” ХХК өөрсдийн бүтээгдэхүүн болох 70 литр бүтээгдэхүүнээрээ дайлсан тухай яриа ч чих дэлсэв. Үүгээр ч зогсохгүй сүүтэй үдэшлэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нямдаваа, ХЗДХЯ-ны сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Оюунчимэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар оролцож, дэмжиж буйгаа илэрхийлсэн гэсэн шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )