Монгол бөхийн түүхэн замналыг мөрдөн, үе үеийн “дүр төрхийг” нь тодруулъя гэвэл маш их зүйл үгүүлэхэд хүрнэ. Бух байсан, бөх болсон, бөө төрсөн гэх мэтчилэн нэр хаягийг нь хүртэл улируулан тодотгож, барилдах арга, ухааныг нь дурьдан, хавалдаж, авалдаж, барилдаж явсан тухай, тэр байтугай бөргөлдөж (мөргөлдөж) явсан удааг нь ч хэлний баримт сэлтэд тулгуурлан нэхэмжлэн ярьж болохоор байгаа юм.
Тийм түүхэн урт удаан зам туулсан, хүмүүний амьдралын тийм их “соёлыг” шингээсэн учраас бөх бол монголчуудын утга соёлын хамгийн нандин өвийн нэг мөн юм. Бөхөөрөө бахархдаг, бөхөө хүндэлдэг, дээдэлдэг нь ч түүнтэй холбоотой.
Манай бөх судлаачид монгол бөхийн түүхийг Хүннүгийн үеэс л эхэлж байх шиг байдаг.[8.6] Х.Баямөнх аварга “20 мянган жилийн түүхтэй” гэж ярихыг сонссон. Хүннүгийн үеэс эхэлнэ гэдэг бөхийн түүхэнд дөрвөн мянга гаруй жил л оноож байна гэсэн үг. Зарим бөх судлаач монгол үндэсний язгуур бөх болох бух ноцолдоонтой төстэй зүйлс сумо бөхөд бий, магад ч үгүй эртний энэ барилдаанаас ч сумо эх үүсгэлээ авсан байж болно гэж бичсэн нь тохиолдож л байна. [8.8]
Бөхийн түүх эр хүн бий болсон тэр үеэс л эхэлсэн болов уу гэж бодогддог. Гэхдээ эмээ дийлэхгүй эрчүүд эрт дээр цагт төдийгүй эдүгээ ч байж л байгаа юм чинь! Хайду хааны охин Аяаруг шиг хүчтэн бишгүй л байсан гэдгийг бодолцох хэрэг юм. Ямар сайндаа л зодогныхоо энгэрийг задгайлж байхав дээ…
Юутай ч, бөхийн түүх хүний түүхтэй эн чацуу гэвэл илүү зөв болно.
Монгол нутаг хүн төрөлхтний түүхийн сая шахам жилийн дурсгалыг хадгалж байгаа. Тийм болохоор эртний урлагийн нэг - бөхийн арвин их түүхэн баримт чухамхүү Монгол газар нутгаас л олдоно гэдэг нь ч илүү үнэн болсоор байна.
Ан авын олз омог ихтэй үедээ хүмүүсийн баярлалдаж, хөөрөлдсөн байдал, ид хаваа үзүүлсэн байдал, магадгүй заримдаа хүч үзэлцэн авалдаж нөөлөлдөж буй нь бөхийн бүр анхны аяг маяг, хөдөлгөөн үзүүлбэр, тэмцэлдээний утга учрыг тайлан үгүүлж буй нь лав.
Бөхийн түүх нь амьтны аяг байдал, аж төрөхүйн өрсөлдөөн, тэмцэлдээн жишээ нь, эвэрт амьтдын хамгийн элбэгийнх нь нэг болох BgO одоогийн буга нэрээ олсон эрт дээр цагт тэдний хавалдах (мөргөлдөх)-ыг анзаарах болсон тэр л үеийн амьдралын нэгэн хэсэг гэж ойлгох нь зүй. Бөх гэдэг үг буга-буха гэдэг үгтэй аялгууны хувьд ч, бичлэгийн хувьд ч огт адилгүй мэт ойлгогдож ухаарагдаж болох ч, миний олж мэдсэнээр чухамхүү буха-буга хэмээх “танин мэдэхүй”-тэй бөх маань язгуур нэгтэй. Тэр байтугай бөх, үхэртэй, цаашилбал монгол гэдэг нэртэй уг шаг холбогдоно гэж ойлгогдохоор байгаа юм. Одоо ч түрэг хэлэнд үхрийн нэг нэр нь ка буюу ха юмсанж. Эртний ухаарлаар эвэр буюу эвэрт амьтан л гэсэн утга! Хас гэдэг үг ч бас бөхтэй угшил нэгтэй.
Бо-ха буюу бух нь буга гэдэг үгтэй нэг үг бөгөөд эдгээр үгс нэг л утга илэрхийллээс бүрдэж бүтсэн үгс юм. Бүр балар эртний үе буюу үет хэлний үеийн ойлголт болох бо-ха (бух, буга нь) бо-сүр (яваандаа тэр нь айдас болж ухаарагдсан) ха-эвэр гэсэн л хоёр илэрхийллээс бүтсэн гэж оношилж болно. Бахдам сүртэй (гэвч айдаст) эвэртэй амьтан гэсэн санаа. Тэдний тоглож нааддаг ч юмуу уурлаж уцаарлаад, өөрөөр хэлбэл тэмцэлдээд хийж буй хөдөлгөөн, үйлдлийг нь хавалдах, цаашлаад авалдах, өнөө үед хүн дээр авчраад барилдах гэж хэлдэг болсон түүхэн замналтай гэдгийг түүхэн хэлний баримт нотолдог. Хавалдана гэдэг ха-гаараа (эврээрээ) л үйлдэл хийнэ гэсэн үг. Бөх дээр татан ойлгох юм бол авалдах, барилдах гэсэн санаа. Хавалддаг эвэр хэсэг нь бус, толгойн хэсэг тэр чигтээ хавал (гавал) нэрийг зүүн, хэлний түүхэн дурсгал болон хадгалагдаж үлджээ.
Бух, буга гэдэг амьтад хавалдахаас гадна бөх гэдэг хүчит хүмүүс ч бас хавалдаж эхэлсэн. Тэр нь наадм тоглоом, баяр хөөр, улмаар спорт тийшээ хөгжсөн түүхтэй байна.
Дашрамд үгүүлэхэд, том томруун зүйлийг бух хар гэх буюу бөх хүний нэрэнд голцуу хар (эвэрт буюу эвэрт эр) гэдэг үг дайдаг. Тэрчлэн HeB - хабу (хабо) улмаар feB - абу (аав) болсон бөгөөд тэр нь бас л сүрт эвэрт гэсэн утгатай үг.
Хабур Хабул, мөн hабур (hавр) Савар гэх мэт нэр нь эндээс үүтгэлтэй. Тиймээс хабулдах, абулдах нь сүр хүчин үзүүлэх, сүрдүүлэх, магад ч үгүй айлгах, айлгалцах гэсэн утга санааг агуулдаг байсан байх магадлал бүрнээ бий.
Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт байгаа Дэлийн зүүн билүүгийн олон зургийн нэгд дүрслэгдсэн барилдаж байгаа хоёр бөхийн дүр бол хэдийгээр нүцгэн шалдан байдлаар дүрслэгдсэн ч зарим эрхтэн энэ тэрийг нь баймгүй хэтрүүлэгтэйгээр “үйлдсэн” ч чухамхүү бяр тэнхээгээ гайхуулан абулдаж буй хүчтэнүүд мөнөөсөө мөн. Хав дөрвөлжин барилцахын эхлэл, дүр төрх ч яриагүй энэ. [10.39] Дэлийн зүүн билүүгийн зургуудыг судлаачид хүрэлийн үед хамааруулдаг. Тэгвэл энэ нь дор хаяад 6 мянган жилийн өмнөх явдал болно.
Мөн маш тод үгүүлэмжтэй өөр нэг дурсгал нь 1950-иад оны үед Шаньси мужаас олдсон Хүннүгийн үеийн, бодвол баатар эрийн бүсний арлын товойлгон үйлдсэн урлал бололтой нэгэн гоё дурсгал байдаг. Энэ бүтээл эдүгээ маш олон номд өртсөн.. Ёстой жинхэнэ хав барилцсан байдал!
Туульсийн зохиолд өрөөд зогсож буй хоёр бөхийг “бух хэвтэй харалцаад (зарим газар хялайлцаад), буур хэвтэй нүрэлцээд” гэж гардаг. [6.125]
Орчин цагийн халимаг ярианы хэлд бөх гэхийг hавр гэдэг. [9.202] Эвэрт эр (хавалдагч) гэсэн үг. Үлгэр туульст бөх хавалдаж байгааг үгүүлсэн дурсгал баримт нэг их олноор тааралддаггүй. Харин абалдаж буй тухайд бол арвин сайхан баримт олдоно.
Монгол ардын “Зул Алдар хаан” гэдэг туульст гарч буй Хаан хүн бол
Абулдаж хүний дор ордог түүхгүй төрсөн
Эрхийтэйгээр харвалдаж
Сумын харваа алдаж үзээгүй төрсөн
Хорон шүү ууж согтдог түүхгүй
Хортон дайсантай харгалдаж
Автагдаж дийлэгдэж
Дарагддаггүй түүхтэй төрсөн байдаг. [7.125]
Зул Алдар хааны Хар бөхтэй барилдаж буй хэсэгт
Хөтөл нь эвдэрч
Хөдөө болтол абулдаж байгаа тухай гардаг. [7.407]
Монголчуууд XIV зууны үед НТӨ амьдарч асан Александр Македонскийн /356-323/ тухай “Сулхарнайн тууж” гэдэг өөрсдөө зохиомжилсон үлгэр үгүүлдэг байжээ. Энэ зохиол бол хүн төрөлхтний урансайхны сэтгэлгээний нэгдлийг харуулсан гайхамшигтай бүтээл.Тэнгэрээс гурван мянган нас хайрлаж, түүн дээр нь бас илүү урт наслах боломж олдон, мөнхийн ус уух хувь оноосон ч, “мөнхрөхийн зовлон”-г мэдэх учир мөнхийн усыг уулгүй, арц модон дээр цацан, арц нь мөнх ногоон болсон тухайд энэ зохиолд гардаг. Сулхарнайг гэрээслэл ёсоор нь оршуулж, шарилыг дагалдан яваа жагсаалын тэргүүнд алт, эрдэнэс дүүргэсэн сав барьсан мянган гоо охид, дараа нь мянган сайн залуус абалдугчи нар, мөн дуучид, хуурчид явж байна. [4.31]
Эртний Мисир үлгэрийг монгол болгон уламжлахдаа ёслолын тэргүүнд абулдагч нараа (бөхчүүдээ) алхлуулж байгаа нь бөх хүн ямар хүндлэлтэй, бахархалтай, эрхэмсэг байсныг харуулж байна. Эрт цагт бөх хүнд өгдөг дээд цол нь Хаан байж. (Одоо бол буузандаа өгдөг болсон!) Хятадын Тан улсын тэмдэглэл, Ляо (Кидан) улсын шашдир бичигт тэр тухайд үгүүлсэн зүйлсийг судлаачид иш татсан байдаг! Тэгэхээр бөхчүүд бол Хаадын өмнө Хаан болсон, нөгөөтэйгүүр чухамхүү бөхчүүд л түүхэн явцад Хаанд “хувилсан” хүмүүс гэж ойлгох учиртай. Одоогийн бидний ярих хэлэх дуртай “эвэртэн, тууртан” маань тэндээс л үүссэн.
Хабул хааны ууган хүү Охинбархагийн хүү Хутагтзүрх, хоёрдугаар хүү Бартанбаатарын хүү Есүхэй, гуравдугаар хөвүүн Хутагт Монхорын хүү Бүри бөх /Улсын бөх/, дөрөвдүгээр хөвүүн Хотул хаан цөм л алдарт бөхчүүд байв.
Рашид-ад-Дины “Судрын чуулган”-нд бичсэнээр: Хотул хаан хүний ууц нурууг хоёр гараараа модон сум хугалах мэт ямар ч түвэггүй хуга нуга дардаг, сарвуу нь баавгайнх лугаа адил, хашгирахад нь долоон уулын цаана дуу нь сонсогддог, ил галын захад унтаж байхад нь оч үсрэн буухад бөөс хазаж байна хэмээн жаахан маажчихаад л унтаж байдаг, бүхэл хонины мах идээд бүтэн хөхүүр айраг уудаг хүн байжээ. [2.40-41] Үлгэр домгийн Гераклууд биш, үнэн амьдралын Гераклууд Mонголд үй олон байж.
Есүхэй ч, Тэмүүжин ч бөх хүн байсан нь мэдэгддэг. “Есүхэйн ид хав, эр зориг нь надаас ер дутахгүй” гэж Хотулын хэлсэн үг [3.99], Тэмүжин, Мухулай хоёр барилдаад дийлсэн Тэмүжинд Мухулай үүрд шадарласан түүхийг Инжинаш “Хөх судар”-даа бичсэн байдаг нь тэдний бөх байсны гэрч юм.
Хасар бүр хар нялхын эхийнхээ хоёр хөхийг ховх сорж байж сая цаддаг байсан тухай буюу
Хасар хав хүчтэй тул
Хатгалдан зайлагсадыг
Харвах сумын хүчээр
Хамж авчирдаг билээ гэж “Нууц товчоо”-нд гардаг [1.212]. Рашид-ад-Дины үгүүлснээр хажуулдан хэвтэж байхад нь нохой бэлхүүсээр нь гараад явчихдаг тийм ханхар цээж, нарийн бэлхүүстэй хүн бол Хасар байжээ.
“Нууц товчоо”-нд Зүтгэл бөх, Бүри бөх, Чилгэр бөх, Билгүүдэй, Тэв Тэнгэр, Зүч гээд олон бөхийн нэр дурьдагддаг.
Хаан ширээ залгамжлах хүн хэн бэ? гэж хэлэлцэх үед Зүч, Цагаадай хоёр маргалдаж, Зүч
Онтудаж чамд гартаваас
Эрхийгээ огтолж огоорсугай
Абулдаж чамд ялагдваас
Унасан газраас бүү боссугай! гэж илүүрхсэн тухайд “Нууц товчоо”-нд дурьдагддаг [1.226]
Тэгэхээр миний дээр хэлснээр бөх хүн-Хаан, Хаан хүн-бөх байжээ. Товчоор, эвэртэн тууртан бүхэн бөх хийгээд Хаан явсан түүхэн замналтай юм байна.
Хүч чухаг байсан үед бөх тал нь омогшил болж, оюун ухаан эрхэм болох үед тэдний зарим нь цэцэн, билгүүнээрээ тодорч, бэхи, бөө зэрэг нь “төрсөн” бололтой. Тэгэхээр бөхөөс бас бөө үүсчээ гэж үзэж болно. Худам монгол бичигт бөх, бөө хоёрыг адилхан Boke-boge гэж бичдэг.
“Нууц товчоо”-ны Тэв Тэнгэр, Судрын чуулган”-ы Сайн Тэгин цөм бөх бөгөөд бөө.
Хаган (хахан) гэдэг үг бол эвэр эвэр буюу хоёр эвэртэн (ха+ха) гэсэн үг юм. Хас гэдэг үг ч бас хос эвэр гэсэн утгатай. (“С” дагавар монгол хэлэнд олон тоог заадаг) Дэлхийн бүх бичиг үсгийн ка, ха, га авиа, авиалбар эврээс үүссэн зурлагатай байдаг. V гэж тэмдэглэдэг эврийн дүрс бүтэн нэг эргээд /\ дүрстэй “А” үсэг болдог бөгөөд түүнийг алеф гэж нэрлэдэг.
Монгол нутгийн уул хаданд үй олноороо байгаа V дүрс үгүүлэмж бол буга мэтийн эвэртэн, өөрөөр хэлбэл ав ан, олз элбэг байсныг үгүүлсэн санаа. Х тэмдэг бол хавалдаж байгааг илтгэсэн үг. Хас тэмдгийн эхний утга ч эргэж тойрч, хавалдаж буйг л хэлсэн хэрэг.
Тэгэхээр эвэртэн буюу бөх бол яах аргагүй монгол утга соёлын, түүгээр ч үл барам хүн төрөлхтний ухаарал, сэтгэлгээ, оюуны соёлын өв сан мөн юм.
Бөхчүүд элчин төлөөлөгч болж, дипломат албаны ажил үйлд оролцож явсан түүхэн баримт ч бас бий.
Армяны түүхч Аканц Грегорын “Нум сумт үндэстний түүх” номд Мөнх хаанаас Хулагуд элчээр очсон нэгэн хүчтэний тухай гардаг. Уг бөхийн гадаад байдлыг дүрсэлсэн нь Рашид-ад-Диний Хабулыг дүрслэн үзүүлсэнтэй нэлээд төстэй. Номд ийн үгүүлжээ.
Мөнх хаанаас Хулагу-д илгээсэн тэр элч бол үнэхэрээр харсан нэгний айдас төрж ширвээтмээр хүн. Өндөр биетэй, өргөн мөртэй, бухын хүзүүт аварга. Түүний гар нь баавгайн сарвуу мэт асар том, өдөр бүр бүтэн хонины мах цөлмөдөг “мангас”. Тэрбээр Мөнх хаанаас Хулагуд захидал авч ирэхийн сацуу бас асар их үнэтэй нэгэн дээл авчирчээ. Түүний авч ирсэн захидалд: “Энэхүү аварга том хүн бол миний дүү Хулагуд очихоор явж буй элч бөлгөө. Танай тэнд үүнийг дийлэхээр хүчтэн байгаа бол энэхүү дээлийг өмсгө, эс бөгөөс өөрт нь дээлийг өмсүүлж, элчдийн хамтаар буцаан илгээ” гэжээ. Хулагу өөрийн харъяат удирдагчдаа бүгдийг нь дуудан ирүүлж “татар (монгол), армян, гүрж нарын дотор үүнийг дийлэх хүн бий юу?” гэж асуужээ. Цаадуул нь эрж хайсан боловч нэг ч хүн олсонгүй. Юу гэвэл: түүнийг харсан хүн болгон том бие, эгдүүцэм байдлаас нь айж бэргээд ер зориглож чадсангүй. Тэгсэн армян, гүрж ноёд “Бид шийд гаргаж магадгүй нэг хүнийг мэднэ” гэцгээжээ. “Хурдхан аваад ир!” гэж Хаан тушааж. Цаадуул нь “Тэр энд байхгүй гэртээ байгаа” гэж хариулсанд Хаан: “Хурдхан аваад ир. Гэхдээ мориор биш, сүйх тэргээр авч ирээрэй!” гэж тушаажээ. Армян, гүрж ноёдын хэлсэн хүн нь Амир Кэрд Садуны ач хүү их Артсрунийхны хүн байж. Тэр хүн мөн л нуруу өндөр, бие хаа сайтай, хүүхэд байхын маш их хүчтэй, барилдаж сурсан, цуу дуулиантай нэгэн байв. Гэвч тэр хүн ч, өөр хэн ч Хааны байлцсан тэмцээнд оролцож байсан нь үгүй юмсанж.
Элч нар эгэж ирээд Хааны ойрын хүнтэй хэн ч барилдахыг зориглож чадахгүй байна. Тэгээд ч тэр хүн аль хэдүй нь барилдах хүнийхээ тухайд сонссон байна гэцгээжээ. Тэгэхээр нь түүнд гэгээнтэнд очиж ном уншуулахыг даалгажээ. Тэр Гаг хийдэд очиж гэгээн Саргис-д мөргөжээ. Тэр нь түүнийг баахан адислаж, адислаж орхиж. Дараа нь гэгээн Месрон-д ч морилж. Тэнд андгай тангараг тавьж, бэлгэдэлт хэрээс зүүж, адис авчээ. Тэгээд зарч нартай холбоо барин Хулагу дээр ирэв. Хулагу хаан Садуны өндөр бие, хүч чадлыг хараад их таатай байв. Хаан нөгөө монгол газраас ирсэн тэнхээт эрд есөн хоног хамт байж, өдөр бүр бүтэн хонь, тулам дарс хүртэхийг мэдэгджээ.
Есөн хоног өнгөрмөгц Хаан албатуудаа цуглахыг тушааж нөгөө хоёр хүчтэнээ барилдахыг урьжээ.
Хоёр бөх барьцалдаж аваад гурван цаг болов. Гурван цаг ноцолдоход хэн нь ч нэгнээ дийлсэнгүй. Барилдаад л байв. Аль нь ч илүүрхэж чадсангүй. Тэгж байтал Садун бурханы нэрийг дурьдан тэнхээ хүчээ шавхсаны ачаар Мөнх хааны хүчирхэг эрийг унагаж орхижээ. Садун Хааны өмнө ихээхэн нэр хүндийг оллоо. Тэр нутагт татаруудын үед хэн ч түүн шиг бэлэг сэлт авч, нэр хүндийг олж чадсангүй. Хулагу хаан түүнийг есөн ослоос хэлтрүүлэх зарлиг буулгажээ. [12. p.345-348]
Хэдийгээр зохиолч нь өөрийн үзэл бодлыг шингээсэн нь лавтайяа мэдэгдэж байгаа ч монгол бөх анх түрүүн олон улсын хэмжээнд барилдсан түүхийн гэрч болж байгаагаараа энэ баримт сонирхолтой мэдээ болж байна.
Монгол үндэсний бөх-д монгол ая эгшиг, бүжиг дэвхцээн, ёс заншил, зан үйлийн холбогдолтой олон олон соёл шингэсэн байдаг. Тийм ч учраас монгол бөхийн энэхүү “бүрдэл” болсон олон мөчир салбар нь өөр өөрийнхөөрөө утга агуулгаа тэлж, хөгжиж, хүч сорих эрдэм ухаан, арга техникийн хувьд ч улам нарийсан хөгжиж ирсэн бөгөөд хөгжиж ч байгаа соёл юм.
Үндэсний соёлын нэг хэсгийн хувьд уламжлагдах, өвлөгдөх, бас шинэчлэл хийхтэй холбоотой олон асуудал ч бөхөд хамаарах учиртай.
Туульсийн зохиолд: “Ач тач барилдан арав хонож байгаа” ч юмуу, “уулыг тал болтол, талыг там болтол” барилддаг юм байна гэж ойлгохоор зүйл олон гарна. Жишээ нь: “Хаан Чингэл баатар” гэдэг туульд:
Үүдэн хоймрын газраас
Гар бугуйгаараа барилцаад
Төрөөгүй хүүхдийг төртөл ноцолдоод
Гараагүй хүүхдийг гартал ноцолдоод
Газрын усыг ширгэтэл ноцолдоод гэхчилэн үгүүлдэг. [7. 407]
Энэ мэт “цагийн ихийг эзэгнэж асан” үеийн явдал эдүгээ “цагийн хөл гялс” болсон үед эрхбиш засагдан, монгол үндэсний бөхийн урлаг “цагтай” болох зүг рүүгээ явж л байгаа билээ.
Энд зориуд тэмдэглэн хэлэхэд: бөхийн судалгаанд ардын аман зохиол, зан үйлийн холбогдолтой хэрэглэгдэхүүн, баримт сэлтийг өргөн ашигламаар, ялангуяа туульсийн зохиолыг нарийн гярхай шүүж тунгаамаар санагддаг. Тэнд бөхийн өмсгөл, өрөх, зөрөх, барилдах, ноцолдох, тэрчлэн бөхөд хандах хандлага, үзэх үзэл хүртэл шингээстэй байна. Бөхчүүдийн барилдаж байгаа үеийн дүр зураг, мэх, барилдах урлагын талаар маш гоёор зураглан үгүүлсэн зүйлүүд ч бий юм. Тэр нь хэдийгээр уран сайхны илэрхийлэл ч бөхийн хөгжлийн холбогдолтой олон зүйлийг ойлгож мэдэх баримт, хэрэглэгдэхүүн бүрнээ болж чадахуйц зүйл гэж үзэж болмоор байгаа юм.
Сайн бөхтэй, сайн бөхөөрөө дамжуулж сайхан соёлтой болсон түүхээ уламжлах, уламжлалт энэ гайхам сайхан соёлоо хөгжүүлэх боломж, бололцоо Монголд мөн ч их бий дээ.
Профессор Л.Дашням
Сэтгэгдэл ( 0 )